Search

Монгол Улс цаазын ял сэргээх гэж буй мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1743

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монголд одоогийн нөхцөлд цаазаар авах ял заавал байх ёстой. Ялангуяа авлигалын хэрэг дээр” хэмээн хэлсэн эшлэл бүхий зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаярын 10 жилийн өмнөх буюу УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байх үеийн ярилцлагад хувийн байр сууриа илэрхийлэхдээ “авлигын хэрэгт цаазын ял тодорхой хугацаагаар оноож болох юм” гэж дурдсаныг дахин сэргээн түгээжээ. Ингэхдээ Хууль зүйн дотоод хэргийн сайд байх үедээ хэлсэн мэтээр эшилж, Монгол Улс цаазын ял сэргээх гэж буй мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 12-нд UB fact (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Монголд одоогийн нөхцөлд цаазаар авах ял заавал байх ёстой. Ялангуяа авлигалын хэрэг дээр. Иргэн та дэмжих үү” гэх текст бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зураг нийтэлжээ. Тус постыг нийт 15 мянга гаруй реакц, 2.2 мянга гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 1.6 мянга гаруй удаа цааш түгээжээ. Мөн тус мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад AB News, Bolormaa Ganbold гэх мэт  пэйжээс түгээсэн байна.

10 жилийн өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 04-нд Хууль зүйн дотоод хэргийн сайд Б. Энхбаяр албан ёсны хуудастаа “Б.Энхбаяр: Цаазаар авах ялыг Монголд авлигын гэмт хэрэгт тодорхой хугацаагаар хэрэглэе!” гэх тайлбартайгаар ТМ телевизийн нэвтрүүлгийн хэсгийг оруулжээ. Тус бичлэгт “Энэ бол миний хувийн итгэл үнэмшил, би цаазаар авах ялыг зарим зүйл дээр тодорхой хугацаанд хэрэглэх ёстой гэж үздэг. Жишээ нь авлигын хэрэг дээр. Тодорхой том авлигачдыг Монголын төр цаазаар авах шаардлагыг би бол үгүйсгэхгүй…” хэмээн ярьжээ.

Тус бичлэг нийтэлснээс 2 жилийн дараа буюу 2018 онд Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын албан тушаал хашиж байхдаа Б.Энхбаяр Itoim мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Цаазын ялыг сэргээх боломжгүй” тухай мэдээлсэн. Тодруулбал, Itoim мэдээллийн сайтад 2018 оны 04 дүгээр сарын 03-нд  нийтлэгдсэн ярилцлагад Монгол Улс НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн II нэмэлт протокол”-д нэгдсэн ба тус олон улсын гэрээнээс гарах тухай заалт байдаггүй учир цаазаар авах ялыг сэргээх, Эрүүгийн хуульд оруулах боломжгүй тухай тайлбарлажээ.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн II нэмэлт протоколыг 1989 онд болсон НҮБ-ын Ерөнхий ассемблейн үеэр баталж, 1991 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тус протоколын нэгдүгээр зүйлд дараах агуулгыг тусгасан байдаг. Үүнд:

  • Энэхүү Протоколд оролцогч улсын харьяаллын хүрээнд байгаа хэнийг ч цаазаар авах ёсгүй.
  • Оролцогч улс бүр өөрийн харьяаллын хүрээнд цаазаар авах ялыг халах шаардлагатай бүх арга хэмжээг авна” хэмээн заажээ.

Харин тус гэрээнээс гарах заалт байхгүй ба одоогоор гарсан, татгалзсан улс огт байхгүй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга бага насны хүүхдийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол цаазаар авах ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар санаачилж байсан ч өргөн бариагүй байна

Монгол Улс 2015 онд цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиас хассан. Харин дахин сэргээхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж байжээ. Уг төсөлд “…Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “бага насны хүүхдийг санаатайгаар алах, эсхүл хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оногдуулж болох” тухай нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төсөл санаачилж байна” гэсэн байна.

Түгээсэн хаягууд баталгаатай бус, хүний нэр, сайт зээлдэж, хиймэл оюунаар үүсгэсэн зураг ашигласан байна

Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад UB Fact, AB News, Bolormaa Ganbold зэрэг пэйжээр хуулбарлан түгээжээ.

Bolormaa Ganbold пэйж нь 2026 оны 01 дүгээр сарын 05-нд нээгдсэн ба танилцуулга хэсэгтээ хууль, зөвлөх хэмээн бичжээ. Гэвч пэйжийн и-мэйлд golchMedia@gmail хаяг, сайтад сэтгүүлч Л.Болормаа агсны вэбсайтыг холбожээ. Сэтгүүлч Л.Болормаа агсан нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэлээр хэвлэгддэг The Mongolian mining journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт алдар нэрээ үлдээсэн эрхэм юм.

Хуурамч хаягийнхаа танилцуулга хэсэгт нэрт сэтгүүлчийн сайтыг холбож, итгэл төрүүлэхийг оролджээ

Мөн нүүр болон ковер зурагтаа Gemini хиймэл оюунаар бүтээсэн зураг оруулсан бөгөөд үүнээс өөр хувь хүний зураг огт байхгүй байна. Дээрх шинж тэмдгүүд нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.

Харин AB News, UB Fact гэх пэйж нь албан ёсны сайт байхгүй, редакцгүй, редакцын бодлогогүй, хэдий мэдээллийн сайт мэт нэртэй боловч эх сурвалж болохуйц хэвлэл мэдээллийн байгууллага биш юм.

Дүгнэвэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаярын 10 жилийн өмнөх буюу УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байх үеийн ярилцлагад хувийн байр сууриа илэрхийлэхдээ “авлигын хэрэгт цаазын ял тодорхой хугацаагаар оноож болох юм” гэж дурдсаныг дахин сэргээн түгээжээ. Ингэхдээ Хууль зүйн дотоод хэргийн сайд байх үедээ хэлсэн мэтээр эшилж, Монгол Улс цаазын ял сэргээх гэж буй мэт төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монголд одоогийн нөхцөлд цаазаар авах ял заавал байх ёстой. Ялангуяа авлигалын хэрэг дээр” хэмээн хэлсэн эшлэл бүхий зураг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document