2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл бие бүтээх нууц (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудас “Хүүхдийн цагаан хорхойд, маш амархан арга. Хоёр хумс сармис, 5-6 ширхэг гвоздник хийж, халуун усанд хийж хонуулна. Маргааш өглөө өлөн элгэн дээрээ ууж, үр дүнгээ хүртээрэй” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 1,500 гаруй реакц, 792 сэтгэгдэл авч, 1,700 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
АНУ-ын Клийвландын клиникийн сайт дахь саримсны эрүүл мэндийн ач холбогдлын талаарх мэдээлэлд дархлаа дэмжих, үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг, зүрх судасны эрүүл мэндэд ач тустай болохыг онцолсон. Гэхдээ саримс нь цагаан хорхойг эмчлэх батлагдсан эмчилгээний жор биш юм. Тодруулбал, 2019 онд PubMed Central эрдэм шинжилгээний өгүүллийн санд нийтлэгдсэн “Цагаан хорхойн халдварын оношилгоо ба эмчилгээ” өгүүлэлд цагаан хорхойн эмчилгээний талаар том хэмжээний, санамсаргүй, хяналттай клиник судалгаа байхгүйг онцолж, гэдэс угаах, саримсны эмчилгээ зэрэг аргууд нь хуучирсан, шинжлэх ухааны үндэслэлгүйд тооцогддог талаар дурдсан байна.
Хэдийгээр зарим судалгаанд (энд, энд) саримс нь шимэгчийн эсрэг үр дүнтэй байна гэж дүгнэсэн ч түүний үр нөлөөг баталгаажуулах, тохиромжтой тунг тодорхойлох, мөн нэмэлт эмчилгээний хувьд ямар байр суурь эзлэхийг тогтоохын тулд цаашдын нарийвчилсан судалгаа, клиникийн туршилтууд зайлшгүй шаардлагатайг судалгааныхаа төгсгөлд онцолжээ.
Шалгасан мэдээлэлд дурдсан гвоздикийг хоол боловсруулалтыг дэмжих, гэдэс дүүрэхийг багасгах, дотор муухайрах, ханиалга дарах зэрэгт хэрэглэх боломжтойг эх сурвалжуудад дурдсан байна. Харин цагаан хорхой зэрэг эмгэг төрүүлэгч паразитын эмчилгээнд ашиглах нотлогдсон клиникийн судалгаа одоогоор байхгүй байна.
Дүгнэлт
Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайтад, сармис болон гвоздикийг хоол хүнсэнд агуулагдах хэмжээнд хэрэглэх нь ерөнхийдөө аюулгүй гэж үздэг боловч эмчилгээний зорилгоор өндөр тунгаар, удаан хугацаанд хэрэглэх, эсвэл түүхий саримсыг арьсан дээр шууд түрхэх нь тодорхой эрсдэл, сөрөг нөлөө дагуулах магадлалтайг тайлбарласан байна.
Дүгнэхэд, саримсанд агуулагддаг биоактив (аллицин, аллиин зэрэг) нэгдлүүд нь лабораторийн орчинд зарим нян, шимэгчийн эсрэг идэвхтэй байж болох ч, саримсыг халуун усанд хийж, хэрэглэх нь хүүхдийн цагаан хорхойг бүрэн “устгана” гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай клиникийн судалгаа одоогоор байхгүй. Мөн саримсанд агуулагдах нэгдлүүдийн аюулгүй байдал, үр нөлөөг тодорхойлох, эмчилгээний боломжийг нарийвчлан судлах үүднээс илүү нарийн судалгаа хийсээр байгаа юм.
Хэрвээ хүүхдийн тань хошногоны амсар загатнах, нойргүйдэх, жин буурах, хэвлийгээр муухайрах зэрэг цагаан хорхойн шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээний зөвлөмжийг авч эмчлүүлэх шаардлагатай юм.




