Search

Гаднын бичлэг ашиглан хуурамч хаягийн хандалтаа өсгөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1740

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хямд үнийн дүнтэй гутал, хувцас сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Флора шоп нэртэй дэлгүүр Emart сүлжээ дэлгүүрт байхгүй бөгөөд хятадын сошиал платформуудад нийтлэгдсэн бичлэгийг ашиглан хямд үнийн дүнтэй бүтээгдэхүүн худалдаалж буй жинхэнэ дэлгүүр мэтээр хуурамч хаягийн хандалтаа өсгөж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Манай төвийн АСУУ чатботоор “Flora Shop Флора шоп” хуудаст оруулж буй мэдээллийг шалгуулах хүсэлт ирүүлсэн. 2026 оны 01 дүгээр сарын 8-нд Flora Shop Флора шоп нэртэй хуудаснаас “Богино түрийтэй бойтгууд бүгд ₮1,000” гэх тексттэй богино хэмжээний бичлэг түгээснийг нийт 2,900 гаруй реакц, 535 сэтгэгдлээр идэвхжүүлж, 423 удаа цааш түгээжээ. Мөн тус хуудаст хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг хэд хэд оруулжээ.  

Сүүлийн үед маш хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн сурталчилж, хандалтаа өсгөх, цаашлаад залилан үйлдэх үзэгдэл ихэссэн. Иймд залилангийн шинжтэй хаягийг таних анхан шатны баримт шалгах аргыг хүргэж байна.

Хамгийн эхэнд хаягийг шалгах

Flora shop Флора шоп хуудас нь нийт 13 мянга гаруй дагагчтай ба танилцуулга хэсгийн пэйжийн ангилал цэсийг “Тавилгын дэлгүүр, Бөөний болон хангамжийн дэлгүүр, Хувцас (брэнд)” хэмээн сонгожээ. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад тус хуудсыг 2025 оны 11 дүгээр сарын 21-нд нээсэн ба нүүр зургаас өөр зураг огт оруулаагүй байна. 2026 оны 01 дүгээр сарын 08-аас эхлэн өвөл, хаврын гутал, хувцас сурталчилсан нийт 10 богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Байршуулсан бичлэг бүрийн тайлбар хэсэгт “хаяг:И март 5 давхарт” хэмээн бичсэн боловч Emart сүлжээ дэлгүүрийн аль салбар, хэд дүгээр лангуу зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөөгүй байна. Мөн дэлгүүрийн танилцуулга, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг огт оруулаагүй.

Худалдаа үйлчилгээний байгууллага холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны сайт зэрэг ерөнхий мэдээллийг заавал байршуулдаг. Хэрэв бараа бүтээгдэхүүн борлуулж буй хаяг дээр дурдагдсан мэдээллээ нээлттэй байршуулаагүй бол залилангийн шинжтэй байх эрсдэлтэй юм.

Агуулгыг нягтлах

Тухайн хаягийг шалгахдаа нийтэлсэн пост, зураг, бичлэгийг нягталж, ямар тайлбар бичсэнийг анзаараарай. Flora shop Флора шоп хуудаст нийтлэгдсэн бичлэг бүрд бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнээс маш хямд үнийн дүн бичсэн ба энэ нь хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилготой юм. Мөн бичлэг бүрд “Хүргэлт байхгүй, И март 5 давхарт” хэмээн бичжээ. Алдартай сүлжээ дэлгүүрт лангуутай гэх ойлголтыг өгч, жинхэнэ дэлгүүр мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч Emart сүлжээ дэлгүүрийн аль салбарт байрладаг эсэх тодорхой мэдээлэлгүй, лавлаж асуух дугаар бичээгүй, чат, сэтгэгдэлд огт  хариу өгдөггүй нь хуурамч байж болзошгүйг илтгэж байна. Мөн бидэнд хүсэлт илгээсэн хэрэглэгч Emart сүлжээ дэлгүүрт тус дэлгүүр огт байдаггүй тухай мэдээлэл өгсөн.

Зураг, бичлэгийг сайтар ажиглаж, зургаар хайх аргыг ашиглах

Flora shop Флора шоп хуудаст оруулсан хэд хэдэн бичлэгийг сайтар ажиглавал бичлэгт гарч буй дэлгүүрийн хана, зарын самбарт хятад ханз байгааг харж болно. Доорх зурагт жишээ үзүүллээ.

  • Эхний зураг: Flora shop Флора шоп хуудаст 2026 оны 01 дүгээр сарын 12-нд нийтлэгдсэн бичлэгийн хэсэг
  • Хоёр дахь зураг: Flora shop Флора шоп хуудаст 2026 оны 01 дүгээр сарын 09-нд нийтлэгдсэн бичлэгийн хэсэг

Дээрх зурагт харуулсан HanXiu гэх түлхүүр үгээр Douyin (TikTok-ийн хятад хувилбар)- оос хайхад 2025 оны 10 дугаар сарын 26-нд @南城3 F51-53档韩秀家 гэх хаягт шалгасан хуудаст оруулсан бичлэгтэй ижил интерьер дизайн, манекентай дэлгүүрийн бичлэгийг нийтэлжээ.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 04-нд @沐林(十三行买手)实体拼单 Douyin хаягт Flora shop Флора шоп хуудасны бичлэгт харуулсан өвлийн куртикний зургийг нийтэлжээ. Тус зургийн тайлбар хэсэгт “Сүүлийн үед Наньчэн дэх Хансиу (Hanxiu- 韩秀) дэлгүүр их алдартай болсон…” хэмээн тайлбарлажээ.

Үүнээс харвал Флора шоп нэртэй дэлгүүр Emart сүлжээ дэлгүүрт байхгүй бөгөөд хятадын сошиал платформуудад нийтлэгдсэн бичлэгийг ашиглан хямд үнийн дүнтэй бүтээгдэхүүн худалдаалж буй жинхэнэ дэлгүүр мэтээр хуурамч хаягийн хандалтаа өсгөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хямд үнийн дүнтэй гутал, хувцас сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document