Search

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас Lung Gold Milk гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1739

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Lung Gold Milk буюу Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Lung Gold Milk буюу “Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Филиппиний Хүнс, Эмийн Захиргаанаас анхааруулсан байна. Мөн уг мэдээллийг түгээж буй хуудас нь гаднын улсын удирдлагатай хуурамч хаяг юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Эрүүл Амьдралын Нууц нэртэй хуудаснаас “Уушгины өвчнөөс салах 14 хоногийн бодит шийдэл! Ханиалга дахихгүй, хатгалгаа, бронхит даамжрахгүй, астма, уушгины архаг бөглөрөлтөөс ангижирна” гэсэн тайлбартайгаар Lung Gold Milk буюу “Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Тус бичлэг 360 реакц, 420 сэтгэгдэл авч, 413 удаа цааш түгээгдсэн байна.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.

Уг хуудасны баталгаатай байдлыг шинжлэхийн тулд эхлээд хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгасан юм. Шалгалтын үр дүнд, Эрүүл Амьдралын Нууц хуудас нь 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Denim MEN” нэртэй үүссэн, Вьетнам улсаас админ удирддаг гэж мэдэгдлээ.

Цаашлаад түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Мөн түгээсэн мэдээлэл нь үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг шинж юм.

Агуулгыг нягталсан нь

Lung Gold Milk буюу “Уушгины алтан сүү” бүтээгдэхүүнийг сурталчлахдаа FDA-аар баталгаажсан хэмээн мэдээлсэн байна. Үүнийг баталгаажуулахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа болон холбогдох байгууллагуудын хуудсанд хандаж түлхүүр үгээр хайсан. Гэвч тус бүтээгдэхүүнийг баталсан ямар ч баримт илрээгүй юм. Түүнчлэн Филиппиний Хүнс, Эмийн Захиргаанаас “Бүртгэлгүй хүнсний нэмэлт болох “LUNG GOLD MILK Raw Milk Powder Food Supplement” бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээс болгоомжил” гэсэн анхааруулга гаргаж байжээ. Дэлгэрүүлбэл, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны тандалтаар дээр дурдсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар ч бүртгэлгүй болохыг тогтоосон. Мөн тус бүтээгдэхүүний сурталчилгаанд дурдсан бүх амлалт нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, мэхэлсэн гэж дүгнэжээ. Иймээс холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уг зөрчилтэй хүнсний нэмэлтийг түгээх, сурталчлах, худалдахгүй байхыг анхааруулсан байна.

Зургийн тайлбар: Филиппиний Хүнс, Эмийн Захиргаанаас “Зөвшөөрөлгүй сурталчилгаа явуулсан, бүртгэлгүй хүнсний нэмэлтийг худалдан авч, хэрэглэхгүй байх”-ыг анхааруулсан мэдэгдэл

Мөн АНУ-ын Уушгины Холбооноос “Хурдан үр дүн амласан эмчилгээнд бүү итгэ. Хоргүйжүүлэх гэх бүтээгдэхүүний ихэнх нь батлагдаагүй байдаг тул сөрөг нөлөөтэй байх эрсдэлтэй. Уушги нь өөрийгөө цэвэрлэж, бохирдуулагч хүчин зүйлсэд өртөхөө больсон үед нөхөн төлждөг эрхтэн юм. Иймээс хэт дэгсдүүлсэн сурталчилгаануудад итгэж, баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаарай”
гэж мэдээлсэн байна. Нэг үгээр бол батлагдаагүй янз бүрийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй. Хэрэв нэмэлт бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх заалттай бол мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг аваарай.

Эдгээр баримтуудаас дүгнээд үзвэл, Lung Gold Milk буюу “Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүн нь FDA-д бүртгэлгүй юм. Мөн тус байгууллагаас уг бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Lung Gold Milk буюу Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document