Search

Долоон жилийн өмнөх хэргийн тухай төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1737

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятадад Хайкоу хотын экс дарга 13.5 тонн алт, 23 тонн бэлэн мөнгөний авлига авсны улмаас бүх насаараа хорих ял авсан  гэх тайлбартай богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятадын сошиал платформд өргөн түгдэг энэ бичлэгийг хэргийн бичлэг мэтээр түгээжээ. Хайкоу хотын дарга асан Жан Чигийн тухай Хятадын мэдээллийн сайтад 107 сая гаруй юанийн авлигал авсан ба бүх насаараа хорих ял оноосон гэж мэдээлсэн. Гэвч олон улсын зарим сайтаас гаргасан “13.5 тонн алт, 30 гаруй тэрбум ам.доллар гэрээс нь олдсон ба цаазын ял авсан” гэх мэдээллийг нягтлалгүй шууд орчуулан түгээсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 01 дүгээр сарын 03-нд Taiz.mn нэртэй хуудаснаас их хэмжээний алт харуулсан бичлэгийг “Манай нүүрсний хулгайчдын мөнгө нь багтахаа болиод алтан гулдмай болгосон гэж Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн байхдаа чуулган дээр хэлсэн дээ… Хятадын 1 албан тушаалтанд их хэмжээний авлигын хэргээр цаазаар авах ял оноожээ. Хайкоу Хотын экс даргын гэрээс энэ их алт, 13.5 тонн алтан гулдмай, 23 тонн бэлэн мөнгө, дэлхий даяарх тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн баримт бичиг, тансаг зэрэглэлийн автомашины цуглуулга олджээ. Тэр 10 жил Хотын даргаар ажилласан аж” гэх тайлбартай нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 259 реакц, 19 сэтгэгдлээр идэвхжүүлж, 135 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2019 онд Хятадад болсон хэргийн тухай мэдээлэл илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, The Sun, New York Post, Daily Mail зэрэг мэдээллийн сайтад 2019 оны 10 дугаар сард нийтлэгдсэн мэдээлэлд “Хайкоу хотын дарга асан Жан Чигийн гэрээс хахуулиар авсан 13.5 тонн алт, 30 гаруй тэрбум ам.долларын бэлэн мөнгийг шалгалтаар илрүүлсэн” гэх мэдээлэлд шалгасан бичлэгийг ашиглажээ.

Үргэлжлүүлэн Хятадын Baidu сайтаас Хайкоу хотын дарга асан Жан Чигийн тухай хайхад дээрх мэдээллээс зөрүүтэй байна. Тодруулбал, Хятадын Сахилгын хяналтын төв болон Үндэсний хяналтын хорооны сайтад 2020 оны 12 дугаар сарын 03-нд  нийтлэгдсэн дунд шатны шүүх хурлын мэдээлэлд “Жан Чиг хахуулийн хэргээр бүх насаар нь хорих ял оноож, улс төрийн эрхийг нь бүх насаар нь хасаж, бүх хувийн өмчийг нь хураан авчээ…Жан Чи шууд болон зуучлагчаар дамжуулж 107 сая гаруй юанийн хахууль хууль бусаар авсан нь тогтоогдсон…” хэмээн тайлбарлажээ.

Хятадын Сахилгын хяналтын төв болон Үндэсний хяналтын хорооны сайтын мэдээлэл

Xinhua  мэдээллийн сайтын албан ёсны Baidu хаягт 2020 оны 07 дугаар сарын 09-нд нийтлэгдсэн Жан Чи-гийн анхны шүүх хурлын тухай мэдээлэлд түүнийг 2005-аас 2019 оны хооронд хэд хэдэн хотын дарга, тухайн бүсүүдийн коммунист намын нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байхдаа авлигал, хахууль авсан тухай мэдээлсэн.

Хятадын мэдээллийн эх сурвалжуудад Жан Чиг 13.5 тонн алт, 30 гаруй тэрбум ам.долларын хахууль авсан тухай мэдээлэл огт байхгүй байна. Харин Sina, Xinhua, The Paper мэдээллийн сайт болон baidu хаягт 107 сая гаруй юанийн авлига авсан тухай мэдээлжээ.

Шалгасан бичлэг нь Хятадын сошиал платформд янз бүрийн тайлбартай их түгдэг

Үргэлжлүүлэн шалгасан бичлэгийн хэсгийг Baidu сайтын зургаар хайх хэрэглүүрийг ашиглан хайхад Weibo, Douyin, BiliBili, Baidu зэрэг Хятадын сошиал платформд зураг болон бичлэг хэлбэрээр түгсэн илэрцүүд гарч ирлээ. Эдгээр илэрцийг нэг бүрчлэн үзэж он сар өдрийг нь нягтлахад бидний олсон хамгийн эртний бичлэг нь 2018 оны 11 дүгээр сарын 18-нд нийтлэгджээ. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 18-нд Baidu сайтад @小螺号ll  хаягаас ямар нэг тайлбаргүй нийтэлсэн байна. 2025 он хүртэл тус бичлэгийг олон хаягаас янз бүрийн тайлбартайгаар нийтэлж, түгээсэн байна.

Харин 2023 оны 10 дугаар сард Эвергранд группийн (Evergrande Group) захирал Сюй Жиаины гэрээс 760 сая юанийн үнэ бүхий 2 тонн алт олдсон тухай мэдээлэлд шалгасан бичлэгийн хэсгийг авч зураг хэлбэрээр байршуулжээ. (энд бас энд)

Хэдий бичлэгийн эх хувилбарыг олоогүй ч бидний олсон хамгийн эхний бичлэг нийтлэгдсэн хугацаа 2018 оны 11 дүгээр сард буюу Хайкоу хотын дарга асан Жан Чигийн хэргээс ойролцоогоор 1 жилийн өмнө нийтлэгдсэн бичлэг байна. Мөн Хятадын сошиал медиа платформуудад янз бүрийн тайлбартайгаар түгдгээс гадна авлига, хахуулийн хэрэгт тус бичлэгийг ашигладаг байна.

Бичлэгт гарч буй дүрсийг ажиглах нь

Бичлэгийн эхэн хэсэгт цаана байрлах эд зүйлсийг харвал, ижил хэмжээ бүхий жижиг хайрцаг өрсөн, төхөөрөмж, уутнууд байршуулсан байна.

Шалгасан бичлэгийг сайтар нягталж харвал бичлэгт дэлгүүрийн тавиур мэт зүйл харагдаж байна. Тус тавиур дотор алтан эдлэл, алт зэргийг өрж тавьжээ. Мөн үүний дээр жаазтай гэрчилгээ мэт бичиг байгааг харж болно.

Бичлэгт харуулсан хажуугийн тавиурт алтыг уутанд хийж тус бүрээр нь өрсөн харагдаж байна.

Мөн газарт байх алтны дор цаас дэвссэн байх ба сууж буй хүн алтыг цэгцэлж, тоолж буй мэт цэгцтэй өржээ. @东北汉子1974 Weibo хаягт 2019 оны 01 дүгээр сарын 29-нд нийтлэгдсэн бичлэгийн аудиог сонсвол алтан гулдмайнуудын хооронд хавирах чимээ гарч байгаа нь бичлэгт харагдаж буй хүн алтыг өрж янзалж буйг илтгэж байна. Эдгээр шинжээс дүгнэхэд гэмт хэрэгтний хураагдсан эд хөрөнгө гэхээсээ дэлгүүр, барааны лангуунд цэгцэлж буй байдлыг үзүүлсэн байна.

Хятадын сошиал платформд өргөн түгдэг энэ бичлэгийг хэргийн бичлэг мэтээр түгээжээ. Хайкоу хотын дарга асан Жан Чигийн тухай Хятадын мэдээллийн сайтад 107 сая гаруй юанийн авлигал авсан ба бүх насаараа хорих ял оноосон гэж мэдээлсэн. Гэвч олон улсын зарим сайтаас гаргасан “13.5 тонн алт, 30 гаруй тэрбум ам.доллар гэрээс нь олдсон ба цаазын ял авсан” гэх мэдээллийг нягтлалгүй шууд орчуулан түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хятадад Хайкоу хотын экс дарга 13.5 тонн алт, 23 тонн бэлэн мөнгөний авлига авсны улмаас бүх насаараа хорих ял авсан  гэх тайлбартай богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document