Search

Амны үнэр дарагчийг тамхинаас гаргадаг бүтээгдэхүүн гэж сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1736

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зүгээр л амтыг нь сороход амны хөндий сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Миний тамхинаас гарсан нууц” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд буй HGCB гэх бүтээгдэхүүн нь амны үнэр дарж, цэвэршүүлэх зориулалттай бараа юм. Мөн уг бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан баримт илрээгүй тул тамхинаас гаргадаг эсэх нь баталгаагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр QQ online shop нэртэй хуудаснаас “Цахилгаан биш! Утаа гаргахгүй! Зүгээр л амтыг нь сороход амны хөндий сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Миний тамхинаас гарсан нууц!” гэсэн тайлбартай нэгэн бүтээгдэхүүн сурталчилжээ. Тус бичлэг 509 реакц, 168 сэтгэгдэл авч, 219 удаа цааш түгээгдсэн байна.

Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу зургаар хайж, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.

Зургаар хайх нь

Тус сувгаас сурталчилж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, олон улсын худалдааны сайтуудад амны үнэр дарж, цэвэршүүлэх зориулалттай бүтээгдэхүүн гэж тодорхойлсон нь илрэв. Зарим сайтуудад “тамхинаас гарахад туслах амны гаа” гэж дурсан нь бий ч баталгаатай эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус бүтээгдэхүүний найдвартай байдлыг нотлох баримт илрээгүй юм.

Зургийн тайлбар: Хятадын эм, хоол, хүнс, нэмэлт бүтээгдэхүүний захиргааны сайтаас хийсэн хайлтын илэрц

Агуулгыг нягталсан нь

Цаашлаад уг бүтээгдэхүүний баталгаатай байдлыг шинжлэхийн тулд холбогдох судалгааг хайж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжтэй танилцлаа.

Энэ хүрээнд шалгасан мэдээлэлд буй агуулгыг PubMed олон улсын судалгааны сангаас түлхүүр үгээр хайхад ямар ч судалгааны материал илэрсэнгүй. Өөрөөр хэлбэл амны үнэр дарах, цэвэршүүлэгч ашиглаад тамхинаас гарах боломжтой эсэхийг шинжлэх ухааны судалгаагаар нотлоогүй байна.

Энэ талаар Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээний сайтад “Тамхинаас гарах үйл явц нь хувь хүнээс хамааран харилцан адилгүй байдаг ч өөрт тохирох аргыг олсноор хорт зуршлаасаа салах боломжтой. Үүнээс хамгийн энгийн хийгээд зовуурьгүй арга нь никотин орлуулагч бүтээгдэхүүн ашиглах юм. Үүнд, никотин агуулсан эм, бохь, цацлага зэрэг бүтээгдэхүүн хамаарна. Уг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ нь тамхи татахгүй байх үед илэрдэг сөрөг шинж тэмдгүүдийг бууруулж, никотины хамаарлаас аажмаар холдоход тусалдаг” гэж мэдээлсэн байна. Нэг үгээр хэлбэл, тамхинаас гарахад түгээмэл ашигладаг бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн никотин орлуулах үүрэгтэй байдаг аж. Харин шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүн нь ямар ч никотин агуулаагүй тул үр нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй юм.

Цахим худалдааны сайтуудад зарим бүтээгдэхүүнийг борлуулахын тулд хэт дэгсдүүлсэн, хуурамч сурталчилгаа явуулах нь бий. Энэ тухай мэргэжлийн байгууллагуудаас сануулж, арга хэмжээ авч байсан удаатай. Тухайлбал, АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос “Тамхинаас хурдан, амархан, бүрмөсөн гаргана” гэх мэтээр тайлбарлаж, баталгаагүй сурталчилгаа явуулсан бүтээгдэхүүнүүдэд торгууль ногдуулж, худалдахыг хоригложээ. Мөн тус улсын зах зээлд борлуулагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдэд шинжлэх ухааны баталгаатай байх шаардлага тавьсан байна. Үүнээс гадна, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас “Бүх төрлийн тамхи амт, үнэр, гадаад төрхөөсөө үл хамааран эрүүл мэндэд хортой. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг “хор хөнөөлгүй”, “өвчин үүсгэх эрсдэл бага” гэж сурталчлах нь хэрэглэгчдэд аюулгүй мэт ойлголт төрүүлж, төөрөгдүүлэх эрдэлтэй. Иймээс энэ төрлийн сурталчилгаанд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэж сануулсан байдаг.

Эдгээр баримтуудаас дүгнээд үзэхэд, шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүн нь амны үнэр дарж, цэвэршүүлэх зориулалттай бүтээгдэхүүн бөгөөд тамхинаас гаргадаг эсэх нь батлагдаагүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Зүгээр л амтыг нь сороход амны хөндий сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Миний тамхинаас гарсан нууц” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document