2026 оны 01 дүгээр сарын 05-нд Altantsetseg Bat-Erdene нэртэй пэйж “2,900,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy S24 утсыг урамшуулалт худалдан авалтад хамрагдаж, 7,999 төгрөгөөр авлаа. Сэтгэгдэл хэсэгт оруулсан холбоосоор орж та ч бас аваарай” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 28 реакц, 17 сэтгэгдлээр идэвхжүүлж, дөрвөн удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаягийг шалгая
Хуурамч пэйжийн түгээмэл шинжүүдээс дурдвал цөөн дагагчтай, саяхан нээгдсэн, танилцуулга хэсэг нь хоосон, холбоо барих дугаар, хаяг оруулаагүй зэрэг юм. Altantsetseg Bat-Erdene гэх пэйжийн хувьд нэг дагагчтай, ердөө хоёрхон хоногийн өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 05-нд нээгдсэн, профайл зургаа хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

Зургаар шалгая
Нийт төлбөр “7,999 ₮” гэх текст бусад үг, үсгээс хэмжээгээрээ хэт том, фонтын өнгө хэт тод байгаа нь уг баримтын зурагт засвар орсон нь харагдаж байна. Мөн тус баримтад “Global Worldwide” гэх тээвэр логистикийн компанийн дугаарыг ашиглажээ.


Агуулгыг шалгая
Түгээсэн постын агуулгыг шалгахад монгол хэлэнд зохимжгүй, түгээмэл бус үг хэллэг байгаа нь орчуулгын, хиймэл оюун ухааны хэрэглүүр ашигласныг илтгэж байна. Мөн урт дундуур зураас (Em dash) нь хиймэл оюун ухааны түгээмэл ашигладаг тэмдэг юм.

Хавсаргасан холбоосоор ороход “Та Samsung Galaxy S24 утас хожлоо, бүртгэлээ баталгаажуулаад утсаа аваарай” хэмээн бүртгэлийн цонх гарч ирлээ. Үүнд овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээлэл багтсан байв. Тухайн бүртгэлийн домэйнийг шалгахад найман хоногийн өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 30-нд үүссэн нь залилангийн том шинж тэмдгүүдийн нэг аж.
Түгээсэн постын сэтгэгдлүүдийг шалгавал хуурамч, гаднын нэртэй хаягуудаас санаатайгаар эерэг хандлага бүхий сэтгэгдэл нэмсэн нь олон нийтэд тухайн урамшууллыг үнэн мэт харагдуулах зорилготой нь харагдлаа. Үүнийг астротурфинг гэж нэрлэдэг бөгөөд олон нийтийн санаа бодол, ойлголтыг өөрчлөх зорилготойгоор түгээдэг хуурамч арга хэмжээ юм.

БСБ Сервис ХХК-ийн сэрэмжлүүлэг
2026 оны 01 дүгээр сарын 06-нд BSB Service LLC болон BSB.mn интернэт дэлгүүр пэйжээс ““Altantsetseg Bat-Erdene” гэх хуурамч хаягаас худал мэдээлэл агуулсан залилангаас сэргийлээрэй” гэх агуулгатай сэрэмжлүүлэг түгээжээ. Цаашлаад “БСБ компани аливаа урамшуулалт худалдааны талаарх мэдээллийн зөвхөн өөрсдийн албан ёсны сошиал хаягуудаар (энд, энд) хүргэдэг” гэв.
Цахим залилагчид BSB, PC mall, Номин, Миний дэлгүүр зэрэг томоохон худалдааны төв, дэлгүүрийн зураг, бичлэг, лого ашиглан иргэдийн итгэлийг олж, бэлэг урамшууллаар урхидаж, бүртгэлээр дамжуулан хувийн мэдээлэл авч, залилж байна. Иймд та цахим орчинд аливаа бэлэг урамшуулалд хамрагдахдаа зөвхөн тухайн дэлгүүрийн албан ёсны пэйж, вэбсайтаас мэдээлэл авч байгаарай.
Эргэлзээтэй постыг хаяг, зураг, агуулга шалгах гурван аргаар нягталснаар өөрийгөө болон ойр дотнын хүнээ залилуулахаас хамгаалах боломжтой.






