2026 оны 01 дүгээр сарын 04-нд Ulsturch.mn – Улстөрч.мн (архивласан хувилбар) хаягаас “Венесуэлийн цэргүүд цагаан туг өргөөд бууж өгч байна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост нийт 2,900 гаруй реакц, 447 сэтгэгдлээр идэвхжүүлж, 237 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийг InVID хэрэглүүр ашиглан дүрс бүрээр салгаж Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Facebook, Х (хуучнаар Twitter), Instagram, TikTok зэрэг платформд түгжээ. Тухайлбал, josedv43 нэртэй TikTok хаяг болон Lucy Watkins нэртэй Facebook хаягаас нийтэлсэн нь өндөр хандалттай байна.
AI илрүүлэх хэрэглүүрүүдээр шалгалаа
Үүний дараа бид бичлэгийн эхний 20 секундийг тасалж, AI илрүүлэх Hive Moderation хэрэглүүрээр шалгахад уг бичлэг 99.2 хувийн магадлалтайгаар хиймэл оюун ухаанаар бүтсэн гэсэн дүн гарлаа.

Мөн Sightengine хэрэглүүрээр шалгахад Sora хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн байх магадлал 58 хувьтай байгааг доор зургаар харууллаа.

Түүнчлэн шалгасан бичлэгтэй адил бичлэгийг 2025 оны 12 дугаар сарын 2-нд түгээснийг Испанийн Verifica RTVE баримт шалгах байгууллага шалгаж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг болохыг мэдээлсэн байна. Мөн мэдээллийн ямар ч баталгаатай эх сурвалжаар Ла Гуайрад ийм дайралт бүртгэгдээгүй болохыг тус баримт шалгалтад онцолжээ.

Дүгнэж хэлбэл, АНУ ба Венесуэл улс хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үеийг ашиглан“Венесуэлийн цэргүүд цагаан туг өргөөд бууж өгч байна” гэх тайлбартай хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгийг цахим орчинд түгээж, төөрөгдүүлжээ.
Хэдийгээр OpenAI компанийн Sora 2, Google компанийн Veo 3 зэрэг хиймэл оюуны загвараар бүтээсэн богино хэмжээний бичлэгүүдэд таних тэмдгийг ил тод байршуулдаг ч тэдгээрийг хялбархан арилгах боломжтой сайт, аппликэйшнүүд олширсоор байна. Иймээс бодит мэт харагдаж буй зарим бичлэг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн байх магадлалтай тул аливаа мэдээллийг заавал баталгаатай эх сурвалжаас шалгаж хэвшээрэй.






