Search

Бэлгийн хүчирхийлэгчийн зургийг нээлттэй байршуулах талаар шийдвэр одоогийн байдлаар гаргаагүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1733

Засварласан: 2026 оны 01 дүгээр сарын 07
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Г.Арсланхуяг: Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод зарлаж, зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулдаг болно.” гэсэн тайлбарыг постер зургийн хамт оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчийн нэр зургийг нээлттэй байршуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй, ийм агуулгаар сүүлийн үед НЦУГ-ын дарга, хурандаа Г.Арсланхуяг мэдээлээгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 3-нд Хорин дөрвөн цаг нэртэй пэйжээс “Г.Арсланхуяг: Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод зарлаж, зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулдаг болно.” гэсэн тайлбарыг постер зургийн хамт оруулсан байна. Уг постыг 15 мянга гаруй реакц, 853 сэтгэгдлээр идэвхжүүлж, 374 удаа цааш түгээсэн байна.

Түгээсэн мэдээллийг агуулгаар хайхад 2023 оны 10 дугаар сарын 05-нд ЦЕГ, ХНХЯ, ГБХЗГ-аас тухайн үед Дорноговь аймагт сураггүй алга болсон 12 настай охины талаар мэдээлэл хийх үед түгж байсан байна. Гэхдээ сошиал сүлжээнд үлдсэн бичлэгүүдэд тухайн үеийн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, одоогийн НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Камер эвдрэх нь их тул гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг” талаар ярьсан байна. /энд, мөн энд/

Харин тухайн үеийн ХНХЯ-ны сайд асан Х.Булгантуяа “…Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг “эрэн сурвалжилж байна” гэдэг шиг нэр, зурагтай нь олон нийтэд вэбсайтаар зарлана. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, гэмт хэрэг үйлдээд хэсэг хугацааны дараа гарч ирээд дахиад хэрэг үйлдээд байдаг. Энэ хэрэг дээр ч гэсэн тийм байж болзошгүй гэсэн хардлага байх шиг байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бид хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэрэг нь хууль шүүхийн байгууллагаар тогтоогдох юм бол нүүр царайг олон нийтэд зарлана. Ингэж байж бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй хатуу тэмцэх арга хэмжээг авна” гэж ярьжээ.

Хэдийгээр бичлэг хадгалагдаж үлдээгүй ч /Facebook-т лайв явуулсан бичлэгүүдийг 30 хоногийн дараа устгадаг болсон/ зарим мэдээллийн сайтад, тухайлбал ergelt.mn-д “Г.Арсланхуяг: Камержуулалтын 50 хувь нь л ажиллаж байна” гарчигтай мэдээ гаргасан ба “”…Мөн бид урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлж, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг байх асуудлыг ярьж байна. Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд үр нөлөө үзүүлэх байх гэж бодож байнагэв.” гэжээ.

Энэхүү мэдээллийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны 14:58 цагт Toim.mn пэйжид “Г.Арсланхуяг: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олон нийтэд зарладаг болно” гэх тайлбартай мэдээлэл гарч, цаашлаад 51 пэйж энэ агуулгаар мэдээлэл хүргэжээ.

Хорин Дөрвөн Цаг пэйжээр 2023 онд мэдээлж байсан болон бусад пэйжээр оруулсан мэдээллүүд

Хүчирхийлэгчийн зургийг байршуулах шийдвэр гаргаагүй байна

Түүнээс хоёр жил гаруйн дараа буюу 2026 оны 01 дүгээр сард яг адил агуулгаар дахин мэдээлэл постолж, олны анхааралд оруулсан тул өмнө нь яригдаж байсан ажил хэрэгжих талаар шийдвэр гарсан эсэхийг ЦЕГ-ын ХМТ-өөс тодрууллаа.

  • “НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягийн албан тушаалыг “ЦЕГ-ын дарга” гэж буруу бичиж, мөн мэдээлээгүй агуулгыг гаргасан байна. Энэ талаар дахиж яригдсан, албан ёсны шийдвэр гарсан зүйл байхгүй байна” гэлээ.

Мөн бид ЦЕГ, ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар зэрэг холбогдох албаны вэбсайтуудад “Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтний зураг” гэх түлхүүр үгээр хайхад илэрцгүй байна.

Дүгнэвэл, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчийн нэр зургийг нээлттэй байршуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй, ийм агуулгаар сүүлийн үед НЦУГ-ын дарга, хурандаа Г.Арсланхуяг мэдээлээгүй байна.

Хуучирсан мэдээллийг ямар нэгэн шинэ мэдэгдэл, шинэчлэлт өөрчлөлтгүйгээр дахин түгээх нь олны анхаарлыг удирдах, хандалт нэмэх, нийгмийн хэлэлцүүлгийг чиглүүлэх, өөр ямар нэг зүйлийг нууж өнгөрүүлэх зэрэг санаархлаар хийдэг манипуляцын нэг хэлбэр юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Г.Арсланхуяг: Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод зарлаж, зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулдаг болно.” гэсэн тайлбарыг постер зургийн хамт оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document