2026 оны 01 дүгээр сарын 03-аас эхлэн Mongolia 2026, Reidownlape, Beast Land зэрэг Вьетнам улсаас удирддаг пэйжээс “Худалдаа хөгжлийн банк шинэ жилийн бэлэг, урамшуулал олгож байна. Хожигдохгүй мөнгөн рулет хөтөлбөрт нэгдээрэй” гэх агуулгатай 200 гаруй постыг хуурамч линкийн хамт төлбөртэйгөөр түгээжээ.
Хаягийг шалгая
Төлбөртэйгөөр пост түгээсэн пэйжүүдийг шалгавал саяхан буюу 2025 оны 10 дүгээр сарын 03-нд үүссэн, Вьетнамаас удирддаг, 86, 6, 182 гэх мэт цөөн дагагчтай, танилцуулга хэсэг нь хоосон, ямар нэг постгүй байлаа. Эдгээр нь хуурамч пэйжийн түгээмэл шинж тэмдэг юм.
Пэйжийн ил тод байдлаас Ads буюу төлбөртэй постуудыг орж харахад, энэ төрлийн 210 гаруй постыг төлбөртэйгөөр түгээж байна.


Домэйн, вэбсайт шалгадаг Who.is хэрэглүүрээр төлбөртэй түгээсэн постод холбосон “gift-mongolia2026.com” гэх домэйнийг шалгахад, 2026 оны 01 дугаар сарын 03-нд үүссэн, Хонконгийн Nicenic International Group гэх компаниас худалдаж авсан нь харагдаж байна. Ердөө гуравхан хоногийн өмнө тус вэбсайт бий болсон нь залилангийн шинж чанартай гэдгийн нэг нотолгоо юм.

Худалдаа хөгжлийн банкны анхааруулга
2026 оны 01 дугаар сарын 05-нд Худалдаа хөгжлийн банкны албан ёсны пэйж “Баталгаагүй зар, мэдээлэлд итгэхгүй байх, үл таних линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байх“-ыг анхааруулжээ. Цаашлаад “Банк нь ямар ч тохиолдолд харилцагчаас нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг асууж, линкээр нэвтрэхийг шаарддаггүй хэмээжээ. Хэрвээ та цахим залилангийн хохирогч болсон бол нэн даруй 102 болон 5126-5666 дугаараар Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу” гэв.

TAIEX гэх зохиомол, хуурамч санхүүгийн байгууллага
Мөн 2025 оны 09 дугаар сарын 24-нд үүссэн, Того, Бенин, Монгол, АНУ зэрэг улсаас удирддаг TAIEX: Банкны санхүү гэх нэртэй пэйж “2-оос доошгүй хүүхэдтэй Монгол өрх бүр 10-50 сая төгрөгийн санхүүжилтийг үнэгүй олгоно” гэх агуулгатай пост түгээжээ. Постод дурдагдсан TAIEX гэх санхүүгийн байгууллага байдаггүй бөгөөд Европын Холбооны TAIEX гэх түнш орнууддаа техникийн туслалцаа үзүүлж, хууль тогтоомж, институцийн чадавхийг стандартад нийцүүлэх зориолготой хөтөлбөрийн нэрийг ашиглажээ.

Бид түгээсэн постын зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгадаг HiveModeration хэрэглүүрээр шалгахад 99.5 хувийн магадлалтай буюу AI тэр дундаа imagen4, 4o модел ашиглан бүтээсэн нь харагдлаа. Цаашлаад TAIEX гэх зохиомол санхүүгийн байгууллагаар дамжуулан “2-оос доошүгй хүүхэдтэй монгол өрх бүрд 10-50 саяг төгрөг санхүүжилт олгож байна” хэмээн хуурч, залилан үйлдэж байна.

Сүүлийн үед арилжааны банк болон санхүүгийн байгууллагын нэр, лого, зургийг ашиглан, залилж иргэдээс хувийн мэдээллийг авах, цаашлаад санхүүгийн залилан үйлдэх тохиолдол олшроод байна. Иймд та хувийн мэдээллээ өгөхөөс урьтаж тухайн хаяг болон вэбсайт нь албан ёсных эсэхийг шалгаж байгаарай. Facebook пэйжийн ил тод байдлыг нь шалгах, вэбсайтыг Who.is, Urlvoid хэрэглүүр ашиглан домэйн хаяг нь хэзээ, хаана үүссэн, хэн эзэмшдэг зэргийг нягталж байхыг зөвлөе.





