2026 оны нэгдүгээр сарын 1-нд Buten Buten Baidlyn Sergyeh Grupp гэх хуудаснаас “Хулгай эсвэл криптовалютад алдсан мөнгө сэргээнэ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг нягталж, зургаар хайх аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь
Уг хуудас 2025 оны 11 дүгээр сарын 14-нд үүссэн нь хуудасны ил тод байдлын мэдээллээс харагдаж байна. Холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг. Мөн түгээсэн мэдээлэл нь үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.


Үүнээс гадна чатаар холбогдсон хэрэглэгчдээс хувийн мэдээллийг нь асууж, хамааралтай бичиг баримт, гэрээ зэрэг нотолгоо илгээхийг шаарддаг байна. Уг асуулгад хариулснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Цаашлаад санхүү, сэтгэл санааны хохиролд ч орж болзошгүй.

Учир нь залилан, хулгайн хэргийг мөрдөн шалгадаг цорын ганц мэргэжлийн байгууллага нь Цагдаагийн Ерөнхий Газар юм. Иймд баталгаагүй хаягт хандаж, өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр шууд ЦЕГ-ын 102 дугаарт яаралтай холбогдох хэрэгтэй.
Зургаар хайсан нь
Уг хуудасны баталгаатай байдлыг нягтлахын тулд Google Lens хэрэглүүрээр ашиглаж, хайлт хийв. Хайлтын үр дүнд тус хаяг нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэгийн зургийг нүүр хэсэгтээ ашигласан нь илэрсэн. Тодруулбал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад судалгаа хийж, тайлан танилцуулж буй үеийн зургийг ашигласан байна. Цахим орчинд олны танил хүний нэр, зургийг ашиглан хуурамч хаяг нээж, баталгаагүй мэдээлэл түгээх үзэгдэл бий. Энэ нь залилангийн шинжтэй үйлдлийн нэг мөн. Иймд хуурамч хаягийг таньж, өөрийн хувийн мэдээллээ хамгаалдаг байх нь чухал. Үүний тулд баримт шалгах анхан шатны аргын дагуу хүлээн авч буй мэдээллээ нягталж, хэрсүү байгаарай.
Дүгнээд хэлэхэд, орчуулгын программ ашигласан мэт найруулга, үг зүйн алдаатай тайлбар бичсэн, холбогдох утас, хаяг байршил зэрэг тодорхой мэдээлэлгүй хаягаас “Хулгайд алдсан мөнгө сэргээнэ” гэх агуулгатай мэдээлэл түгээж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, залилахаар зэхэж байна.




