2025 оны 12 дугаар сарын 11-нд “Reyes De Apuestas” нэртэй Facebook пэйж “40,000 төгрөг байршуулаад 1,155,000 төгрөг болгох боломжтой. Чат бичээрэй” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 122 реакц, 157 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаягийг шалгая
Reyes De Apuestas (Бооцооны хаад) гэх гаднын нэртэй пэйж 2025 оны 03 дугаар сарын 16-нд үүсэж, нэг мянга гаран дагагчтай болжээ. Цаашлаад “+54” гэх Аргентины утасны дугаартай, холбосон YouTube суваг нь 56 хэрэглэгчтэй, Украйнаас зургаа, Вьетнамаас нэг админ удирдаж байна. Эдгээр нь хуурамч пэйжийн түгээмэл шинж чанарууд аж.

Зургаар шалгая

Тус пэйжийн профайл зургийг Google Lens ашиглан цахим орчинд хайхад Pinterest, Spotify, TikTok, Instagram зэрэг сошиал хуудсанд түгээмэл ашиглагджээ.
Мөн 2025 оны 10 дугаар сарны 07-нд оруулсан постод бусдын буюу Instagram платформд 59 мянган дагагчтай @nouxri хэрэглэгчийн зургуудаас ашиглажээ.

Агуулгыг шалгая
Бид түгээсэн сурталчилгааны дагуу чатаар холбогдоход, цахим мөрийтэй тоглоомын вэбсайт санал болгож, хөрөнгө оруулалт хийснээр мөнгөө 4-5 дахин өсгөх авах боломжтой гэв.

Цаашлаад нэгэн холбоосоор орж и-мэйл, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгч бүртгүүлэхийг шаардлаа. Бид тухайн холбоосыг URLVoid хэрэглүүр ашиглан шалгахад, домэйн хаяг нь 2025 оны 07 дугаар сарын 09-нд үүссэн, Грек улсад сервертэй байв.

Дүгнээд хэлбэл, Украйн, Вьетнам улсаас удирддаг, нээгдээд удаагүй Facebook пэйж танилцуулга хэсэгтээ Аргентины утасны дугаар оруулсан, бусдын зургийг профайл болон постдоо ашигласан, монгол хэлэнд тохиромжгүй үг хэллэг ашиглан “мөнгөө өсгөх боломжтой” хэмээн иргэдийг хуурч, хуурамч вэбсайт руу оруулан хувийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна.
Иймд та цахим орчинд тааралдсан эргэлзээтэй мэдээллийг хаяг, зураг, агуулга шалгах гурван аргад суралцаж, нягталснаар өөрийгөө болон ойр дотнын хүнээ цахим залилангаас хамгаалах боломжтой.




