Search

Элэг бөөр цэвэрлэгч гэх хуурамч бүтээгдэхүүнийг гаднын улсаас удирддаг пэйжээр борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1728

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Actiso шүүсэн таблет нь цэвэр артишокын хандтай, элэг, бөөрийг хоргүйжүүлж хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, залилан хийхээр оролдож байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Actiso Mongolia – Элэг, бөөрний эрүүл мэнд нэртэй хуудаснаас “Actiso шүүсэн таблет нь цэвэр артишокын хандтай, элэг, бөөрийг хоргүйжүүлж хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн юм. Өдөрт 1–2 ширхэг уухад элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хоол шингээлт сайжруулан биеийг дотроос нь цэвэрлэнэ” гэсэн агуулгатай пост түгээсэн байна. Тус пост 229 реакц, 80 сэтгэгдэл авч, 163 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглав.

Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 11 дүгээр сарын 21-нд “Actiso Mongolia – Элэг, бөөрний эрүүл мэнд” нэртэй үүссэн, Вьетнам улсаас удирддаг, 38 дагагчтай хуудас байна.

Мөн хуудасныхаа танилцуулга хэсэгт “Бүтээгдэхүүн нь элгийг сэргээж, хоргүйжүүлж, үйл ажиллагааг сайжруулан эрүүл байлгахад тусалдаг. Бөөрийг сэргээж, чулуу болон үрэвслээс сэргийлж, үйл ажиллагааг нь сайжруулан хурдан эрүүлжүүлэхэд тусална. Dịch câu này” гэсэн өгүүлбэрийг байршуулжээ. Тус тайлбарт буй “Dịch câu này” гэх өгүүлбэр нь вьетнам хэлээр “энэ өгүүлбэрийг орчуул” гэсэн агуулгатай юм. Үүнээс хиймэл оюунд зааварчилгаа өгч, монгол тайлбартай мэдээлэл түгээж буй нь мэдэгдэж байна.

Өөрөөр тухайн сувагт хаяг байршил, холбогдох утас, мэйл хуудас зэрэг нэмэлт мэдээлэл алга. Хуудсанд хандахдаа зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандах товчлуур байршуулжээ. Эдгээр нь хуурамч мэдээлэл түгээж, залилан хийдэг хуудаснуудад нийтлэг ажиглагддаг шинж тэмдгүүд юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад ихэвчлэн онлайн худалдааны сайтуудаар борлуулдаг нь илэрлээ. Мөн уг бүтээгдэхүүний гол орцыг артишок ургамал гэж тэмдэглэсэн байна. Артишокын шинж чанарыг судалсан олон тооны судалгаануу бий. Үүнээс элэгний үйл ажиллагаанд тустай эсэхийг шинжилсэн судалгаануудын дийлэнх нь “хортой нөлөө харьцангуй бага ч үргэлжлүүлэн судлах шаардлагатай” гэж дүгнэжээ. Тухайлбал, 2022 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Артишокын нэмэлт бүтээгдэхүүний элэгний ферментүүдэд үзүүлэх нөлөө” тойм судалгаанд артишокын нэмэлт хэрэглэх нь элгэний ачааллыг багасгаж, элэгний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх боломжтой гэж үзсэн байна. Гэвч судлаачдын зүгээс “эцсийн дүгнэлтийг гаргахын тулд өөр өөр бүс нутгийн илүү том хэмжээтэй, чанартай клиник туршилтууд хийх шаардлагатай байна” гэдгийг онцлон сануулжээ.

Түүнчлэн “Actiso” гэх бүтээгдэхүүний баталгаатай байдлыг итгэмжилсэн ямар нэг баримт илрээгүй юм.

Эдгээр мэдээллүүдээс дүгнээд үзэхэд, гаднын улсаас удирдлагатай хуудаснаас итгэмжлэгдээгүй бүтээгдэхүүн сурталчилж, залилан хийхээр оролдож байна. Иймээс сэрэмжтэй байж, хуурамч хуудсыг таньж сурах хэрэгтэй байгаа юм. Үүний тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайж, агуулгыг нягталж байгаарай.

Ташрамд дурдахад, элэг нь өөрөө бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул байнгын “цэвэрлэгээ” хийж байдаг. Иймд заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Хэрэв эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой бол янз бүрийн орц найрлагатай баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зааврын дагуу тохирох эм, бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сануулдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Actiso шүүсэн таблет нь цэвэр артишокын хандтай, элэг, бөөрийг хоргүйжүүлж хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document