2025 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын Банк (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас Төрийн банкнаас 100 сая төгрөгийн хонжвортой уралдаан зарласан гэх зураг бүхий мэдээлэл нийтэлснийг нийт 570 реакц, 1,200 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 62 удаа цааш түгээжээ. Тус постын тайлбар хэсэгт “Жилийн төгсгөлийн томоохон уралдаан! Жилийг загварлаг дуусгахын тулд бид нэг азтай ялагчид 100,000,000 төгрөг хожих боломжийг олгож байна! Нэг дугаарыг урьдчилан сонгосон бөгөөд хэрэв таных сугалаанд тэнцвэл та манай гран-при шагналын эзэн болно. Оролцохын тулд маш энгийн: Бидэнтэй шууд холбогдоорой эсвэл Сэтгэгдэл хэсэгт “Би оролцлоо!” гэж үлдээгээрэй, бид таныг оролцуулах болно…” хэмээн тайлбарлажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Баярын өдрүүдээр хуурамч хаягаас азтан шалгаруулна, мөнгө өгнө гэх нэрийдлээр хэрэглэгчдийг залилах үзэгдэл ихэсдэг. Хуурамч хаягаас явуулж буй залилангийн шинжтэй постыг дараах аргаар шалгаж, нягтлаарай.
Хаяг шалгах

Улсын Банк гэх хуудас нь нийт 111 дагагчтай ба 2025 оны 11 дүгээр сарын 24-нд нээгджээ. Тус пэйжийн ил тод хэсгийг харвал Бенин улсаас нэг админ удирдаж байна. Нүүр зурагтаа Төрийн банкны лого байршуулснаас өөр зураг пост огт оруулаагүй. Мөн хаяг байршил, холбогдох дугаар, албан ёсны сайт зэрэг ерөнхий мэдээлэл огт байхгүй байна. Эдгээр шинж тэмдэг нь хуурамч хаяг болохыг илтгэж буй юм.
Төрийн банкны албан ёсны Facebook хуудас нь нийт 318 мянга гаруй дагагчтай, хаяг байршил, албан ёсны сайт, холбогдох дугаар зэрэг бүх мэдээллийг оруулсныг доорх зургаас харах боломжтой.

Агуулгыг нягтлах
Аливаа мэдээллийг нягтлахдаа тайлбар хэсгийг сайтар уншиж шалгаарай. Шалгасан мэдээлэлд “жилийг загварлаг дуусгахын тулд”, “хэрэв таных сугалаанд тэнцвэл” гэх мэт найруулгын алдаатай текст оруулсан байна. Мөн шалгасан мэдээлэлд залилагчдын түгээмэл ашигладаг арга болох хэрэглэгчдийг яаруулах, шууд холбогдохыг уриалсан агуулга оруулжээ.
Зургийг шалгах
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийн баруун доод буланд Google Gemini хиймэл оюуны лого харагдаж байна. Хиймэл оюун ухаанаар зураг бүтээлгэхэд зарим тохиолдолд текст, лого алдаатай байдаг. Тухайлбал, шалгасан зурагт “төгрөг вон”, “томөо хожөолтой” гэх үг үсгийн алдаа байна.

Бенин улсаас удирдлагатай пэйжээс Төрийн банкны лого, нэрийг ашиглаж, азтан шалгаруулах нэрийдлээр залилан үйлдэж байна.




