2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Цайны дэлгүүр нэртэй хуудаснаас “Ходоод шарх, улайлтыг бүрэн эдгээх цай”, “Даралт бууруулж, эмийн хамаарлаас бүрэн чөлөөлөх цай” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус пост 1000 гаруй реакц, 178 сэтгэгдэл авч, 1000-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ходоодны шархыг дан ганц цайгаар бүрэн эмчлэх боломжгүй. Учир нь тус шархыг эдгээхийн тулд ихэвчлэн бактерийн эсрэг эмчилгээ хийж, хоолны дэглэм барих шаардлагатай. Мөн шархны хүнд, хөнгөн, үүссэн шалтгаан зэрээс хамаарч эмчилгээний түвшин өөр өөр байдаг. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж, хүргэдэг Кливлэнд Клиник сайтад мэдээлжээ. Тодруулбал, “Хеликобактериас үүдэлтэй хүнд хэлбэрийн ходоодны шархыг зориулалтын эм, хоолны дэглэмтэй хавсарган эмчилнэ. Хэрэв улам даамжирч салст ихээр гэмтэж, ходоод цоорсон үед мэс засал хийх шаардлагатай болдог. Харин хөнгөн хэлбэрийн шархыг амьдралын хэмнэлээ өөрчилж, зохистой хооллосны үр дүнд эдгээх боломжтой” гэсэн байна.
Мөн “Зааврын дагуу эмээ уухгүй байх, ходоодонд сөргөөр нөлөөлөх хүнсийг хэрэглэх, тамхи татах зэрэг шалтгаанаар эмчилгээ хийсэн ч ходоодны шарх эдгэхгүй байх нь бий. Энэ үед эмчилгээний хэлбэрийг өөрчилж, өөр төрлийн антибиотик хэрэглэхийг эмчийн зүгээс зөвлөдөг. Иймд эмчийн зөвлөгөөг дагаж, хорт зуршлаасаа татгалзах нь зүйтэй ” гэж эрүүл мэндийн Мэйо Клиник сайтаас сануулжээ.
Эдгээр мэдээллээс ходоодны шархыг анагаах эмчилгээ нь зөвхөн нэг хүчин зүйлд тулгуурладаггүй, тухайн хүний нөхцөл байдалд тохирсон эмчилгээг санал болгодог гэдгийг харж болно.
“Хар цайгаар ходоодны шархыг эмчлэх боломжтой” гэдэг нь найдвартай клиник судалгаагаар батлагдаагүй. Энэ чиглэлд хийсэн судалгаа нь хангалгүй, нэмэлтээр шинжлэх шаардлагатай байна.
Pubmed судалгааны сангаас “хар цайгаар ходоодны шархыг эдгээх” боломжтой эсэх талаар хайлт хийхэд, 2011 оны “Хар цай түүнд агуулагдах теафлавинуудын нэгдэл нь ходоодны шарх эдгэхэд үрэвсэл багасгаж тусална” гэсэн гарчигтай ганцхан судалгаа илэрлээ. Тус судалгаанд хар цайны био идэвхтэй бодисууд нь үрэвсэл үүсгэгч хүчин зүйлсийг бууруулж, ходоодны шархны эдгэрэлтэд нөлөөлсөн гэж үзсэн байна. Гэвч уг судалгааг зөвхөн амьтан дээр туршсан бөгөөд богино хугацааны үзүүлэлтийг л хэмжжээ. Үүнээс гадна ходоодны шархны зөвхөн нэг төрлийг судалсан зэрэг олон хязгаарлалттай байна. Иймээс тус судалгааны үр дүнг баттай гэж үзэх боломжгүй.
Эдгээрээс дүгнээд үзэхэд, хар цайгаар ходоодны шархыг эдгээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Тэр дундаа хүнд хэлбэрийн шархыг дан ганц цайгаар эмчлэх боломжгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээний төрлийг сонгож тууштай мөрдөх хэрэгтэй байх нь. Мөн тус өвчнийг эмчлэх арга нь нэг төрлөөр хязгаарлагддаггүй учир эмчийн зөвлөгөөг дагаж, зохих дэглэмийг баримтлах нь чухал байна.
Цайгаар даралт бууруулж, цусан дахь сахрыг тогтворжуулах боломжтой юу?
Цаашлаад тус хуудаснаас түгээж буй “Даралт бууруулж, эмийн хамаарлаас бүрэн чөлөөлнө. Цусан дахь сахрыг тогтворжуулж бүрэн эдгээнэ” гэх мэдээллийг шалгалаа.
Цай нь цусны даралтыг бууруулахад тустай болохыг зарим судалгаанд дурдсан ч эмчилгээний үндсэн арга бус нэмэлт дэмжлэг хэлбэрээр ашиглах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн даралт ихсэх өвчний хүнд шатанд зөвхөн цай хангалтгүй гэдгийг ч тэмдэглэжээ. Тухайлбал, 2015 оны “Цусны даралтад цайны үзүүлэх нөлөө: Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” судалгаанд цай уух нь цусны даралтыг бууруулахад нөлөөлөх боломжтой гэж дүгнэсэн байна. Гэвч уг дүгнэлтийг баталгаажуулахын тулд илүү нарийн судлах шаардлагатай гэж сануулсан байна. Учир нь цайгаар даралт бууруулах нь богино хугацаанд нөлөө ажиглагдсан ч урт хугацааны үр дүн тодорхойгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, цайны шинж чанараас үүдэн цусны даралт түр хугацаанд тогтворжих магадлалтай ч урт хугацаанд үр нөлөөгүй. Тиймээс эмчийн зөвлөсөн батлагдсан эмчилгээний аргыг цайгаар орлуулах нь буруу юм.




