Search

“Тэрбум мод” хөтөлбөрт ой сүйтгэж буй мэт төөрөгдүүлсэн тайлбартай бичлэг нь Австралид болсон үйл явдал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1723

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хайран сайхан моднууд, Тэрбум мод хөдөлбөр” гэх тайлбартай ойн мод унагааж буй дүрслэл бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Австралийн тариалангийн газар бэлдэж буй бичлэгийг Монголд “тэрбум мод” төслийн моднуудыг унагаан авч буй мэт ойлголт өгөхүйц тексттэй түгээж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 30-нд Б.ГЭРЭЛТЦОЛМОН нэртэй хуудаснаас “Хайран сайхан моднууд, Тэрбум мод хөдөлбөр” гэх тексттэй өргөн гинжээр мод унагаж буй богино хэмжээний бичлэг нийтэлсэн нь одоо ч идэвхтэй түгээгдсээр байна. Тус бичлэгийг нийт 1,200 гаруй реакц, 335 сэтгэгдлээр идэвхжүүлж, 783 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийг сайтар ажиглавал баруун дээд буланд @peely_422 гэх Instagram  хэрэглэгчийн шошго, тэмдэг харагдаж байна. Бичлэгийн эх хувилбарыг @peely_422 Instagram хаяг болон Peely’s Earthmoving Facebook хуудаст 2025 оны 08 дугаар сарын 14-нд “Бага зэрэг чийгтэй байхад дахин ургах талбайг цэвэрлэхэд тохиромжтой цаг…” гэх тайлбартай нийтэлжээ.

@peely_422 Instagram хаягийн танилцуулга хэсэгт ”Спринг Ридж-д газар шорооны бизнес эрхэлдэг гэр бүлийн бизнес…” хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, шалгасан бичлэгийн эх хувилбарыг нийтэлсэн Peely’s Earthmoving нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн зүүн хэсэгт орших жижиг хот Спринг Ридж гэх жижиг хотод газар шорооны ажил эрхэлдэг гэр бүлийн бизнес юм.

2023 оны 07 дугаар сарын 13-нд тус Intagram хаягт шалгасан бичлэгтэй ижил төрлийн буюу ижил аргаар мод унагаж буй зураг, бичлэг нийтлэхдээ “600 акр газрыг хагалахаар бэлдлээ… бороотой цаг агаартай байсан ч сайн ажилласан… нэг үйлчлүүлэгч энэ дахин ургах талбайг худалдаж авсан ба зөвшөөрөл авсан болохоор бүгдийг нь хагалахаар шийдсэн…” хэмээн тайлбар бичжээ. Тодруулбал, бульдозер машинд гинж холбож,мод унагаан газар цэвэрлэх арга нь тариалангийн газар бэлдэх хөдөө аж ахуйн салбарт ашиглагддаг арга юм. Үүнээс гадна уг аргыг уул уурхайн салбарт, зам, барилга барих зэрэг бүтээн байгуулалтын өмнө газар цэвэрлэхэд ашигладаг байна.

Уул уурхай, газар тариалан зэрэг салбарт ашиглагддаг хүнд даацын машины тухай мэдээлэл хуваалцдаг @buildwitt Youtube сувгийн контент бүтээгч Аарон Витт LinkedIn хаягтаа шалгасан бичлэгийн эх хувилбарыг “Пийлис Газар нүүлгэлтийн (Peely’s Earthmoving) компани хоёр бульдозер болон зургаан тонн жинтэй гинж ашиглан гинж цэвэрлэгээ хийж байгааг харуулж байна. Энэ бол Австралид хөдөө аж ахуйн газрыг бэлтгэх, арчлах нийтлэг арга юм. Энэ газар нь бэлчээрийн зориулалттай ба олон жилийн турш менежмент хийгдээгүйн дараа дахин модоор бүрхэгдсэн…” гэх тайлбартай оруулжээ.

Дүгнэлт

Австралийн тариалангийн газар бэлдэж буй бичлэгийг Монголд “тэрбум мод” төслийн моднуудыг унагаан авч буй мэт ойлголт өгөхүйц тексттэй түгээж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хайран сайхан моднууд, Тэрбум мод хөдөлбөр” гэх тайлбартай ойн мод унагааж буй дүрслэл бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document