Search

“7 ногоон цай” гэх баталгаагүй бүтээгдэхүүний нэрийг “9 ногоон цай” гэж өөрчлөн худалдаалж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1719

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“9 green буюу 9 ногоон ургамал жимснээс гаргаж авдаг тураах бэлдмэл” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“9 Green” гэх бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг баталсан найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр 9 Грийн Албан ёсны борлуулагч. нэртэй хуудаснаас “9 green буюу 9 ногоон ургамал жимснээс гаргаж авч буй энэхүү эрүүлжүүлэн тураах бэлдмэл нь хүний биед сөрөг нөлөөгүй, химийн орц найрлага юу ч ороогүй, зуун хувь ургамал жимснээс гаргаж авсан органик ISO 9001 ISO 22000 GMP стандартын дагуу баталгаажсан үйлдвэрийн бэлдмэл юм. Эхний бэлдмэлийг хэрэглээд л 4-7кг шууд хасах болно” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Тус бичлэг 569 реакц, 149 сэтгэгдэл авч, 104 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, агуулга нягтлах аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2023 оны гуравдугаар сарын 7-нд “Грийн 7 цай албан ёсны борлуулагч 99002916, 80602464” гэсэн нэртэй үүсгэсэн байна. Нийтдээ зургаан удаа нэрээ сольжээ. Ингэхдээ 2024 оны есдүгээр сар хүртэл “долоон ногоон цай” гэсэн нэртэй байсан нь харагдаж байна.

Бид өмнө нь “7 ногоон цай” гэх бүтээгдэхүүний талаар судалж, баримтаар шалгаснаа мэдээлж байсан. Тодруулбал, тус бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл, сертификат зэрэг мэдээлэлгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй, судалгаагаар нотлогдоогүй, баталгаагүй бүтээгдэхүүн байсан юм.

Агуулгыг нягталсан нь

Шалгасан хаягаас 9 грийн бүтээгдэхүүнийг “Турк улсын PELMUR GIDA KOZM.LTD.STI компанид үйлдвэрлэсэн, ISO 9001 ISO 22000 GMP стандартын дагуу баталгаажсан” гэж мэдээлсэн байна. Уг мэдээллийг шинжлэхийн тулд олон улсын байгууллагуудын экспорт, импортын талаар мэдээлдэг лавлах санд хандсан. Үүнээс тус компанийн мэдээллийг харахад хүнс, гоо сайхны чиглэлийн 12 төрлийн барааг гадагшаа экспортолдог гэж тэмдэглэжээ. Гэвч уг барааны ангилалд “9 грийн” гэх бүтээгдэхүүнд хамаарах бүлэг багтаагүй байна.

Мөн эл компанийн албан ёсны вэбсайтад бүртгэгдсэн www.pelmur.com.tr домэйн нэр нь идэвхгүй байсан тул, нэвтрэх боломжгүй байв. Иймд Pelmur Global нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй biotamaglobal.com веб хуудсанд хандаж, “9 Green” нэрээр хайхад ямар ч илэрц олдсонгүй.

Монголд борлуулагч гэх компанийн үйл ажиллагааны чиглэл зөрүүтэй байна

Шалгаж буй хаягт 08 дугаар сарын 7-нд “Таны хэрэглэж буй 9 Green бүтээгдэхүүн албан ёсных болно” гэх тайлбартай сертификатын зурагтай пост оруулсан байна. Зурагт харуулсан сертификатыг орчуулж үзвэл зөвхөн борлуулах эрх олгосон гэх агуулгатай, ямар нэг чанар, аюулгүй байдал, шинжлэх ухааны судалгаа, лаборораторийн шинжилгээгээр баталгаажсан тухай биш байна.

Харин уг бүтээгдэхүүнийг Монголд борлуулж буй Хос даймонд глобал ХХК-ийн мэдээллийг Нээлттэй мэдээллийн сангаас харахад, 2024 оны нэгдүгээр сарын 22-нд үүсгэн байгуулагдсан, найман төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэж харагдаж байна.

Зургийн тайлбар: “9 грийн” бүтээгдэхүүнийг борлуулах эрх авсан гэх Хос даймонд глобал ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд тураах бүтээгдэхүүн импортолж, борлуулахтай холбоотой зөвшөөрөл (4630, 4721) байхгүй байна.

Бүтээгдэхүүний чанар баталгааны тухай албан ёсны мэдээлэл байхгүй

Сүүлд нь тус бүтээгдэхүүнийг зургаар хайхад илэрц ховор байсан бөгөөд олон улсын зөвшөөрөлтэй эсэх талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Жин хасаж, тураах зорилготой бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тооцогддог тул эмтэй харьцуулахад хяналт сул. Тиймээс олон төрлийн ашиг тус амласан элдэв сурталчилгаанд шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сануулдаг байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс “Жингээ хурдан хасах зорилгоор батлагдаагүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь зарим төрлийн бүтээгдэхүүнд батлагдаагүй, аюултай орц найрлагыг зөвшөөрөлгүй ашигласан байх нь бий. Иймд эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, өөрийн жин, биеийн байдалд таарсан, аюулгүй аргыг сонгох хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Дээрх мэдээллүүдээс дүгнээд үзэхэд, “9 Green” гэх бүтээгдэхүүн нь Pelmur компанид үйлдвэрлэгдсэн, олон улсын стандартаар батлагдсан эсэх нь тодорхойгүй. Мөн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг баталсан найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна. Эдгээр нь уг бүтээгдэхүүний баталгаатай байдалд эргэлзэх үндэслэл юм. Иймээс ямарваа нэг худалдан авалт хийхдээ сэрэмжтэй байж, бүтээгдэхүүний найдвартай байдлыг шалгаж, нэмэлт мэдээллийг хайж хэвших хэрэгтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“9 green буюу 9 ногоон ургамал жимснээс гаргаж авдаг тураах бэлдмэл” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document