2025 оны 12 дугаар сарын 11-нд Агаар хоолтон-BREATHARIAN нэртэй Facebook пэйж “Sadhguru багш хашийг идэж болохгүй, Хаш нь тархины үйл ажиллагаанд маш сөрөг нөлөөтэй, удаан үйлчилдэг хор гэж нэрлэгддэг гэсэн юм. Энэ тухай ярьсан бичлэгийг комментоор орууллаа” гэх гар утгатай рийл түгээжээ. Тус рийлийг 4500 гаруй реакц, 277 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1500 удаа цааш түгээж, 506 мянган удаа үзжээ.
FACTCHECK:
Бид түгээсэн рийлд дурдагдсан бичлэгийг шалгаж үзэхэд Энэтхэгийн гуру Sadhguru-ийн “100% хортой. Энэ ногоог огт идэж болохгүй” гэсэн гарчигтай байв. Цаашлаад “Хаш бол “citatine” гэх химийн элемент агуулсан, хортой цорын ганц ногоо юм. Тархины чухал хэсэг болох гипоталамусыг гэмтээж, шийдвэр гаргалтад нөлөөлдөг. Хэрэв та хүүхэдтэй бол хашийг тэр чигт нь хорих хэрэгтэй, эс бөгөөс хүүхдүүдийнхээ оюун ухааныг эрсдэлд оруулах болно. Хэрэв та өдөр бүр хаш идээд байвал оюун ухаан тань ихээр муудсан байх болно гэдгийг баттай хэлье” гэжээ. Эдгээр агуулгыг нэг, нэгээр нь шалгаж үзье.
“Хаш бол “citatine” гэх химийн элемент агуулсан, хортой цорын ганц ногоо юм”-ТӨӨРӨГДҮҮЛСЭН
“Citatine” гэх нэртэй зүйл огт байхгүй. Харин төмс, улаан лооль, хаш зэрэгт соланин гэх байгалийн гаралтай хорхой шавжаас өөрийгөө хамгаалах зорилготой пестицид байдаг. Соланин нь ихэвчлэн ногооны хальс, цэцэг, навчинд агуулагддаг. Хаш нь өөрөө соланиныг бага хэмжээгээр агуулах хэдий ч зөвхөн их хэмжээгээр буюу нэг дор 12-оос дээш ширхгийг идсэн тохиолдолд биед хор учруулах хэмжээнд очдог.
“Хаш нь тархины чухал хэсэг болох гипоталамусыг гэмтээж, шийдвэр гаргалтад нөлөөлдөг“-ХУДАЛ
Хаш хэрэглэснээр тархины үйл ажиллагааг гэмтээдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Харин эсрэгээрээ A, C витамин, эслэг, антиоксидантаар баялаг тул эд, эс, арьсыг хамгаалж, дархлаа дэмжих ач тустай. Хаш нь эслэг ихтэй тул хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө. Мөн хаш ногоонд агуулах антиоксидант нь ДНХ, эд эс гэмтэхээс сэргийлдэг аж.
“Хэрэв та өдөр бүр хаш идээд байвал оюун ухаан тань ихээр муудах болно гэдгийг баттай хэлье”-ХУДАЛ
Өдөр бүр хаш хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс хамгаалах, цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулах, тархины цусан хангамжийг сайжруулж, үрэвслийг багасгах, Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх зэрэг ач тустай. Антиоксидантаар баялаг тул биеийн гэмтсэн эсийг сэргээхэд тусална. Мөн зөвхөн хаш гэлтгүй бусад жимс, ногоо нь антиоксидант, эрдэс бодис, витаминаар баялаг тул өдөр тутамдаа хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
- Харин хаш ногооноос харшилтай, бөөрний асуудалтай болон бөөрний чулуутай, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, цус багадалттай хүмүүс хэрэглэхээс татгалзвал зохино.
“Eat To Beat Disease“, “Eat To Beat Your Diet” зэрэг номоороо алдаршсан эрдэмтэн, эмч Виллиам Ли 185 мянган дагагчтай ТикТок хуудсандаа энэ тухай үгүйсгэж “Энэ бол ам дамжсан худал зүйл. Хаш идэж, хэрэглэхэд ямар ч хор хөнөөл байхгүй. Харин ч А, С витамин, антиоксидантаар баялаг болохоор бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжиж, үрэвслийг бууруулдаг” гэжээ.

Дүгнээд хэлбэл, хүний эрүүл мэнд, эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой, шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоогүй мэдээ, мэдээлэл цахим орчинд түгээмэл байдаг. Иймд та ямарваа эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө хүлээж авахдаа заавал мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагуудаас давхар баталгаажуулж, лавлаж байгаарай.




