2025 оны 12 дугаар сарын 23-нд Өмнөговь аймаг 🇲🇳 Umnugovi aimag группэд нэрээ нууцалсан хэрэглэгч Америкт гэрийн тэжээвэр нохой чонын сүрэгтэй хамт явж буй тухай богино түүхийг хоёр зурагтай хамт нийтэлжээ. Тус постод эзэнгүй тэнүүлч Чихуахуа үүлдрийн нохой алга болсноос сарын дараа чонын сүрэгтэй хамт явж буй нь камерт өртсөн гэх агуулгыг дурдсан.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад Facebook, Instagram, X зэрэг сошиал платформд ижил түүх бичиж түгээсэн илэрцүүд гарч ирлээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes, Lead Stories баримт шалгах төвөөс уг зургийг шалгаж худал болохыг тайлагнасан. Зургийн эх хувилбарт Чихуахуа үүлдрийн нохой огт байгаагүй аж. Тодруулбал, шалгасан мэдээлэлд хавсаргасан эхний зургийг 2022 оны 06 дугаар сарын 13-нд Voyageurs Wolf Project Facebook хуудаст нийтлэгдсэн 48 секундын урттай чонон сүргийн бичлэгээс хэсэгчлэн авч, зурагт Чихуахуа үүлдрийн нохойг нэмж эвлүүлсэн байна.
Voyageurs Wolf Project нь Миннесота мужийн Вояжерс Үндэсний Парк, түүний ойр орчимд байрлах саарал чонын судалгааны төсөл юм.
Доорх зурагт шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг эх хувилбартай нь харьцуулан харууллаа.

Мөн шалгасан мэдээлэлд хавсаргасан хоёр дахь зургийн эх хувилбарыг Хойд Мичиганий их сургуулийн мэдээллийн сайтад 2020 оны 12 дугаар сарын 23-нд нийтэлжээ. Тус зураг нь судалгааны явцад Мичиган мужийн дээд хойгт байрлах Эхо нуурын орчимд байршуулсан камерт буусан чонын сүргийн зураг юм. Зургийн эх хувилбарт жижиг нохой огт байхгүй.
Доорх зурагт шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг эх хувилбартай нь харьцуулан харууллаа.

Сүүлийн үед интернэт орчинд хиймэл оюунаар бүтээсэн эсвэл эвлүүлсэн зэрлэг болон тэжээвэр амьтдын зураг бичлэгийг хуурамч түүх зохион түгээх үзэгдэл ихэссэн. Энэ нь сонирхол татаж, олон хэрэглэгчийн хариу үйлдлийг авснаар алгоритмоо сургаж, хандалтаа өсгөх аргын нэг юм. Тиймээс аливаа зураг бичлэгт шууд итгэлгүй нягталж хэвшээрэй.




