2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тунгалаг – Эрүүл мэндийн замыг гэрэлтүүлэгч нэртэй хуудаснаас “Тархийг хамгаалахад туслах ургамлын гаралтай бүтээгдэхүүн” гэсэн тайлбартай пост түгээж, Ginkgo Plu гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан байна. Тус пост 435 реакц, 284 сэтгэгдэл авч, 383 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягталж, зургаар хайх аргыг ашиглалаа.
Хаягийг шалгасан нь

Тунгалаг – Эрүүл мэндийн замыг гэрэлтүүлэгч гэх хуудас нь 2025 оны есдүгээр сарын 8-нд нээгдсэн бөгөөд 41 дагагчтай, холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл хуудас гэх мэт тодорхой мэдээлэлгүй хаяг байна. Мөн тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Вьетнам улсаас админ удирддаг нь харагдаж байна.
Түүнчлэн хаягийнхаа танилцуулга хэсэгт “Сайн байна уу? Намайг Тунгалаг гэдэг. Би олон жилийн турш уламжлалт анагаах ухаан, ургамлын эмчилгээний талаар судалж, хэрэглэсээр ирсэн энгийн нэгэн эмэгтэй хүн. Миний зорилго бол монголчууддаа эрүүл мэндээ байгальд түшиглэн хамгаалах, өдөр тутмын амьдрал” гэсэн тайлбар бичсэн байх бөгөөд монгол ахуйг харуулсан зургуудыг хиймэл оюунаар бүтээж, нийтэлжээ. Үүнийг баталгаажуулахын тулд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэгийг таних хэрэглүүр ашиглав. Жишээ нь, доорх зургийг хиймэл оюун илрүүлэх Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 99.9 хувь хиймлээр бүтээгдсэн гэх дүн гарлаа.

Мөн уг хуудаснаас түгээж буй мэдээллийн ихэнх нь нь үг, үсэг найруулгын алдаатай байна. Эдгээр нь хуурамч мэдээлэл түгээж, залилан хийдэг хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.
Зургаар хайх аргыг ашигласан нь
Тухайн хаягаас сурталчилж буй “Ginkgo Plu” гэх бүтээгдэхүүний баталгаатай байдлыг шинжлэхийн тулд зургаар хайх Google Lens хэрэглүүр ашиглалаа. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүнийг олон улсын худалдааны сайтуудад Вьетнамд үйлдвэрлэсэн, нэмэлт тэжээл гэж тэмдэглэжээ. Гэвч тус бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба /Ginkgo biloba/ ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа аж. Учир нь тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг. Мөн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас гинкго билобатай нэмэлт бүтээгдэхүүнийг албан ёсоор батлаагүй байна . Өөрөөр хэлбэл, уг ургамлын нэмэлтээр ямар нэгэн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, зориулалттай гэдэг нь бүрэн батлагдаагүй байгаа юм.
Үүнээс дүгнээд үзэхэд, гаднын улсаас админ удирддаг хуурамч хаягаар баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна.
Гаднын улсаас удирддаг хаягаас Монгол руу чиглэсэн хуурамч мэдээлэл түгээж, элдэв найдваргүй бүтээгдэхүүн сурталчлах үзэгдэл түгээмэл байна. Ингэхдээ “сэтгэл хөдөлгөм” үг хэллэг ашиглаж, манай соёл ахуйг дүрсэлсэн хуурамч зураг бичлэг ашиглах нь бий. Уг аргаар олон нийтийн итгэлийг олж, дагагчаа нэмэгдүүлсний дараа залилан хийхээр оролдож эхэлдэг. Тиймээс энэ төрлийн хаягуудыг шалгаж, залиланг таних аргад суралцах нь чухал байна. Иймд бидний зүгээс залиланг таньж, баримт шалгах анхан шатны гурван аргыг хуваалцаж байна.





