Search

“Кока-Кола нь бараг л уксустай адил хүчиллэг” нь үнэн ч ходоодны орчин түүнээс илүү хүчиллэг тул “улайлгахгүй”

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1714

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Кока кола нь бараг л уксустай адил хүчиллэг гэдгийг лабораторийн туршилтаар мэдлээ. Кола уусаар байвал ходоод тэр чигээрээ улайдаг, бие үрэвсдэг, ферментүүд хямардаг байх нь” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Кока-Кола болон цууны хүчиллэг чанар нь ойролцоо түвшинд байдаг ч хүний ходоод эдгээр бүтээгдэхүүнээс илүү хүчиллэг орчинтой. Ходоод уг хүчиллэг байдлаас эд эсээ хамгаалах зузаан салст бүрхүүлтэй байдаг тул хүчиллэг хүнсийг шингээх чадвартай байдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дүгээр сарын 3-ны өдөр Самсара гэр бүлээрээ йога хийцгээе нэртэй хуудаснаас “Аймаар юм. Кока кола нь бараг л уксустай адил хүчиллэг гэдгийг лабораторийн туршилтаар мэдлээ. Кола уусаар байвал ходоод тэр чигээрээ улайдаг, бие үрэвсдэг, ферментүүд хямардаг байх нь” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус пост 5000 гаруй реакц, 465 сэтгэгдэл авч, 4800 удаа цааш түгээгджээ.

Уг мэдээллийг М-Си-Эс Кока-Кола компаниас шалгуулах хүсэлт илгээсэн ба бүрэн бус мэдээлэл хандалт ихтэй түгж, олон хүнд хүрсэн тул өгсөн тул баримтаар нягталж, бүрэн дүүрэн мэдээллийг хүргэж байна.

Бид 2025 оны 12 дугаар сарын 8-нд “Самсара гэр бүлээрээ йога хийцгээе” хуудас руу лабораторийн туршилтын хариугаа хуваалцахыг хүссэн боловч хариу өгөөгүй. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сангаас шүүж, дараах баримт шалгалтыг хийлээ.

2017 онд хийгдсэн “АНУ-д худалдаалдаг ундаануудын pH-ыг шинжилсэн нь” судалгаагаар хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг Coca-Cola Classic төрлийн ундааны хүчиллэг байдал 2.37pH байжээ. Энэ нь уксус буюу цууны дундаж хүчиллэг 2.5pH байгаатай бараг адилхан гэдэг нь ҮНЭН.

Гэхдээ, хүний ходоодны хүчиллэг чанар нь өлөн үедээ 1.5-3.5pH хүртэл байдаг нь ундаа, уксуснаас илүү хүчиллэг орчинтой гэсэн үг юм. Ходоод энэ хүчлээс эд эсээ хамгаалах зориулалттай зузаан салст бүрхүүлтэй байдаг тул хийжүүлсэн ундаанд “улайж, түлэгддэггүй” аж. Ходоодны өвчин, эмгэггүй хүн хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уухад ходоодонд аюулгүй ч сахарын агууламж өндөр тул таргалалт, цаашлаад таргалалтаас үүдсэн өвчний эх үүсвэр болох эрсдэлтэй.

Мөн улаан хоолойн сөргөө, ходоодны шархтай хүмүүс удаан хугацааны турш хэрэглэх нь өвчний шинж тэмдгийг гааруулахад нөлөөлдөг тул хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Тэгвэл зохистой хэрэглээ нь ямар байх вэ?

Америкийн Зүрхний нийгэмлэг (AHA)-ээс гаргасан мэдэгдэлд 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхэн чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг долоо хоногт нэг аяга буюу 240 мл-ээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэж тусгажээ. Энэ нь хүүхдийн зүрх судасны эрүүл мэндийг дэмжих, чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж судлаачид онцолсон байна.

Харин насанд хүрэгчдийн хувьд эрэгтэйчүүд хоногт 36 грамм (ойролцоогоор 9 цайны халбага), эмэгтэйчүүд 25 грамм (ойролцоогоор 6 цайны халбага)-аас ихгүй хэмжээний чихэр орсон бүтээгдэхүүнээр хязгаарлахыг зөвлөдөг байна. Жишээлбэл, нэг лааз Кока-Кола дунджаар 39 грамм чихэр агуулдаг бөгөөд энэ нь зөвхөн уг ундаанаас авах чихрийн хэмжээ нь насанд хүрэгчдийн хоногийн зөвшөөрөгдөх хэмжээг дангаараа хэтрүүлж байгааг харуулж байна.

Кока-Кола ферментүүдийг хямраадаг уу?

Кока-Кола ундааны хэрэглээтэй холбоотой мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе. USA Today мэдээллийн сайтад

  • Мэйо Клиникийн хоол боловсруулах эрхтний эмч Жэйми Беринг “Хийжүүлсэн ундааны олон төрөл нь амт оруулагч нэмэлтүүдийн улмаас хүчиллэг болдог. Энэ нь зарим хүнд ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цээж хорсох, хэвлий эвгүй оргих зэрэг мэдрэмж төрүүлдэг” гэж мэдээлсэн байна.
  • Нью-Йоркийн их сургуулийн хоол тэжээлийн профессор Лиза Янг “Кафейн агуулсан хийжүүлсэн ундаа нь ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг ч ихэнх хүмүүст ноцтой асуудал үүсгэхгүй. Харин хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, ходоод, гэдэс мэдрэмтгий хүмүүс эдгээр ундаанаас зайлсхийх хэрэгтэй” хэмээн онцолжээ.

Харин ферментүүд хямардаг эсэх нь ямар төрлийн фермент гэдгээс хамааран өөр өөрөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, ходоодны пепсин гэх фермент нь 1.5- 3.5 pH-тай хүчиллэг орчинд уураг задалдаг. Энэ нь коланд агуулагдах фосфорын хүчлээс хамаагүй их тул ундаа нь ходоодны ферментийг хямраах хэмжээнд нөлөөлдөггүй байна. Гэтэл нөгөө талаас кола ундаа нь цардуулыг задлагч шүлсний амилаза ферментийг идэвхгүйжүүлдэг гэж “Шинжлэх ухаан ба техникийн судалгааны сэтгүүл“-д нийтэлжээ. Түүнчлэн уг ундааны шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үргэлжлүүлэн судалсаар байгаа аж.

Эдгээр баримтуудаа дүгнээд үзвэл, кола ундаа болон цууны хүчиллэг чанар нь ойролцоо түвшинд байдаг ч хүний ходоод эдгээр бүтээгдэхүүнээс илүү хүчиллэг орчинтой. Ходоод уг хүчиллэг байдлаас эд эсээ хамгаалах зузаан салст бүрхүүлтэй тул хүчиллэг хүнсийг шингээх чадвартай. Ходоодыг улайлгаж, ферментүүдийг хямраадаг гэдэг нь хэт туйлширч, төөрөгдүүлсэн мэдээлэл байна. Тиймээс хийжүүлсэн ундааг тохируулан ууж, ходоод гэдэсний асуудалтай бол татгалзах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Кока кола нь бараг л уксустай адил хүчиллэг гэдгийг лабораторийн туршилтаар мэдлээ. Кола уусаар байвал ходоод тэр чигээрээ улайдаг, бие үрэвсдэг, ферментүүд хямардаг байх нь” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document