2024 оны 10 дугаар сарын 15-нд FOHOW Эрүүл мэндийн бүтээгдэхүүн (архивласан хувилбар) хуудаснаас NMN нэмэлт агуулсан тураах кофены тухай мэдээлэл нийтэлснийг одоо ч идэвхжүүлсээр нийт 2,400 гаруй реакц, 849 сэтгэгдлээр идэвхжүүлж, 880 удаа цааш түгээжээ. Тус постын тайлбар хэсэгт “FOHOW Нобелийн шагналт – ТУРААХ КОФЕ. NMN нобелийн шагнал хүртсэн орчин үеийн технологиор хийгдсэн. Тураах кофены үйлчлэл: Жин хасах зохицуулах, тураах өөхийг задлах, бодисын солилцоог дэмжих, чихрийн шижингийн эмчилгээнд болон дасгал хөдөлгөөнийг орлох, гэдсийг маш сайн цэвэрлэнэ, өтгөн маш сайн гаргана, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, тархи амраах, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, архинаас гаргах, дуршлыг бууруулах, элэг болон нүдний хараа, сонсгол хамгаалах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй…” хэмээн дэлгэрүүлэн бичжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Орц найрлагын хэмжээ, батлах баримт, шинжилгээний мэдээлэл байхгүй

Fohow брэндийн тураах кофены савлагаанд бүтээгдэхүүний орц найрлагыг “Кофены нунтаг (Арабика кофены үр), NMN, гожи жимсний ханд” хэмээн бичсэн ч ямар бодисыг нь хэдий хэмжээгээр оруулсан талаар мэдээлээгүй.
Fohow брэндийн албан ёсны сайтад ч энэ талаар мэдээлэл огт байхгүй. Түүнийг батлах лабораторийн шинжилгээ, албан ёсны баримт нээлттэй байршуулаагүй байна.
Харин Их Британи дахь онлайн дэлгүүрийн сайтад “Бүтээгдэхүүний үйлчилгээ: жин хянах, бодисын солилцоог дэмжих, хоолны дуршил хянах, биеийн өөх шатаах явцыг дэмжих” гэж оруулсан ба “Тус бүтээгдэхүүн нь хоолны нэмэлт тэжээл бөгөөд ямар нэг өвчнийг оношлох, эмчлэх, эдгээх, урьдчилан сэргийлэхгүй” хэмээн онцолсон байна. Мөн Fohow брэндийн кофе худалдаалж буй AlmaMed эмийн сангийн сайтад уг кофе нь хоолны нэмэлт тэжээл ба ямар нэг өвчнийг эмчилж, эдгээхгүй, урьдчилан сэргийлэхгүй хэмээн тодотгожээ.
Кафейн нь богино хугацаандаа бодисын солилцоог бага зэрэг хурдасгаж, өлсөх мэдрэмжийг дарж, дасгал хөдөлгөөн хийхэд эрч хүч нэмдэг ч шалгаж буй бичлэгт дурдсан шиг их хэмжээгээр жин хаяхад нөлөөгүй бөгөөд удаан хугацааны хэрэглээнд хүний бие кафейнд тэсвэртэй болж үр нөлөө нь бага болдог тухай өмнөх баримт шалгалтдаа мэдээлж байсан. Харин Fohow брэндийн кофе нь NMN агуулснаараа онцлог хэмээн сурталчилж байна.
- NMN буюу Никотинамид Мононуклеотид нь хүний биеийн эд эсэд байгалийн жамаар үүсдэг молекул бөгөөд NAD⁺ (никотинамид аденин динуклеотид) коэнзимийн нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. NAD⁺ (никотинамид аденин динуклеотид) коэнзим нь хүний эрүүл мэндийг хадгалах, биологийн үндсэн процессуудыг зохицуулахад шаардлагатай аж. Мөн байцай, өргөст хэмх, улаан лооль, брокколи, мөөг, авокадо, боловсроогүй шар буурцаг зэрэг хүнсний ногоо, зарим төрлийн маханд агуулагддаг.
Шалгасан мэдээлэлд “Fohow нобелийн шагналт тураах кофе” хэмээн бичсэн нь тус бүтээгдэхүүн Нобелийн шагнал хүртсэн мэт ойлголт өгч төөрөгдүүлж байна.
1929 онд биохимич Артур Харден, Ханс фон Эйлер-Чеплин нар элсэн чихрийн исэлдэлт болон NAD-ийн химийн хэлбэрийг нээж, “коэнзим”-ийн үүргийн тухай судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн. Доктор Отто Варбург эс энергийг ашиглахад (бодисын солилцоо) NAD коэнзим гол үүрэг гүйцэтгэдэг болохыг нээснээр 1931 онд Нобелийн шагнал хүртжээ. Судлаач Шинья Яманака эсийн дахин програмчлалын ажлаараа 2012 онд шагнал хүртсэн ба NMN-ийн судлаач Дэвид Синклэйр хөгшрөлтийн эсрэг үйл явцыг судлахын тулд Яманакагийн судалгаа, бүтээлийг ашигласан байна. NMN нэмэлт бүтээгдэхүүн Нобелийн шагнал огт хүртэж байгаагүй. Харин NMN-тэй холбоотой NAD+ коэнзимын нээлт, үүнтэй холбоотой програмчлалыг судалсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн ба үүнийг ашиглан “Нобелийн шагнал хүртсэн технологи, техникт суурилсан бүтээгдэхүүн” хэмээн сурталчлах нь элбэг.
Сүүлийн жилүүдэд NMN бодисыг хүнсний нэмэлт хэлбэрээр хөгшрөлтийг удаашруулж, урт насжилтыг дэмжих үйлчилгээтэй хэмээн судалсаар байна. Бид өмнөх баримт шалгалтаараа NMN-ийн нэмэлт бүтээгдэхүүний тухай мэдээллийг шалгаж, NMN агуулсан нэмэлт бүтээгдэхүүний урт хугацааны нөлөөг хүн дээр туршсан судалгаа хязгаарлагдмал байгаа тухай мэдээлж байсан.
Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, ResearchGate, ScienceDirect зэрэг нээлттэй судалгааны сангаас “NMN, кофе” гэх түлхүүр үгээр хайхад NMN агуулсан кофены тухай судалгаа огт байхгүй байна. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан шиг олон ашиг тустай эсэхийг харуулсан судалгааны ажил, шинжлэх ухааны нотолгоо байхгүй юм.
Нунтаг кофег халуун усанд найруулж хэрэглэдэг бол NMN бодис нь халуунд задарч үйлчилгээгүй болдог. Тогтворжуулаагүй NMN нь өрөөний температурт задралд орж, үйлчилгээ нь буурдаг тухай Харвардын судлаач Дэвид Синклэйр ярилцлагадаа дурджээ. Тогтворжуулсан NMN 40 хэмийн халуунд задралд орж эхэлдэг бөгөөд 80-аас хэмийн халуунд бүрэн задардаг. Өөрөөр хэлбэл, хэрэв найруулдаг кофенд NMN агуулсан гэж үзвэл энэ нь халуун усанд найруулах явцад задарч, ямар ч нөлөөгүй болох юм. NMN-ийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаалдаг, үүнтэй холбоотой судалгаа, мэдээлэл оруулдаг ХонКонгийн Antiaging гэх сайтад NMN шингээсэн кофе гэж байхгүй тухай нийтлэл оруулжээ. Тус нийтлэлд кофены үрийг ойролцоогоор 200 гаруй цельсийн хэмд хуурч боловсруулдаг харин NMN нь өндөр температурт задарч үйлчилгээгүй болдог учир кофенд NMN шингээх боломжгүй хэмээн дурдсан.
2025 оны 04 дүгээр сарын 30-нд Forbes сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн NMN-ийн тухай мэдээлэлд NMN-ийг богино хугацаанд хэрэглэх нь хүний биед аюулгүй гэж тодорхойлсон ч урт хугацааны үр нөлөөг судлах шаардлагатайг онцолж, богино хугацааны гаж нөлөө нь хэвлийн өвдөлт, суулгалт, хий, амьсгалын дээд замын асуудал хэмээн дурджээ.
Дүгнэлт
NMN агуулсан кофены тухай судалгаа огт байхгүй бөгөөд NMN нэмэлтийг хүн дээр туршсан өргөн хүрээний судалгаа хязгаарлагдмал юм. Кофе нь дасгал хөдөлгөөнийг орлож, олон төрлийн өвчнийг эмчлэхгүй. Тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасна гэж сурталчлах нь өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм.




