2025 оны 11 дүгээр сарын 08-нд NeoAlchemy нэртэй Facebook пэйж “Угтаа caffeine бол илүү эрүүл аргаар авч болно. Monster, red bull бусад “energy drink” бүгд угтаа брэнд тиймээс таны эрүүл мэнд тэдэнд хамаагүй, харин хэрхэн таныг хамааралтай байлгах нь чухал” гэх гарчигтай рийл түгээжээ. Тус рийлийг 1100 реакц, 32 сэтгэгдлээр идэвхжүүлж, 276 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид түгээсэн рийлд дурдагдсан баримтуудыг шалгалаа
Монстер энергийн ундааны найрлагыг бага зэрэг хэтрүүлсэн байна
Шалгасан мэдээлэлд “Монстер энергийн ундаанд 16 халбага элсэн чихэр, 3 аяга кофетой тэнцэх кафейн агуулагддаг” гэжээ. Хийжүүлсэн ундаа болон энергийн ундаанд 7-21 халбага элсэн чихэр агуулагддаг бөгөөд Монстер энергийн ундаанд 13-14 халбага элсэн чихэр агуулагддаг аж. Мөн 500 мл-ийн хэмжээтэй Монстер энергийн ундаанд агуулах кафейны хэмжээ 140-160мг байдаг. Нэг аяга кофенд агуулах кафейны дундаж хэмжээ 95 мг байдаг гэж тооцвол 1.5 гаруй аяга кофетой тэнцэнэ гэж зүйрлэж болох юм.
Монстер энергийн ундаанд “Red 40”, “Yellow 5”, “Blue 1” нефтийн гаралтай өнгө оруулагч будаг агуулагддаг
Монстер энергийн ундаа нь дээрх өнгө оруулагч будгийг ашигладаг бөгөөд “Red 40”, “Yellow 5”, “Blue 1” зэрэг нь газрын тос, нүүрсний давирхай зэргээс химийн аргаар гаргаж авдаг хүнсний будаг юм. Ихэнхдээ эм, эмийн бүтээгдэхүүн, уух зүйлс, чихэр зэрэгт тодорхой хэмжээгээр ашиглагддаг.
- 2026 оны хавраас АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) хоол хүнсэнд газрын тосны гаралтай, химийн аргаар гаргаж авсан өнгө оруулагч будгийг ашиглахыг хориглож эхлэхээ зарласан бөгөөд 2026 ондоо багтааж Green 3, Red 40, Yellow 5, Yellow 6, Blue 1, Blue 2 зэрэг өнгө оруулагч будгийг бүх хоол, хүнснээс авч хаяна гэжээ. Учир нь уг өнгө оруулагч будаг нь амьтад дээр судалсан судалгаагаар ADHD, таргалалт, хорт хавдар зэргийг үүсгэдэг хэмээн FDA комиссар Marty Makary мэдэгджээ.
Энергийн ундааны нөлөөгөөр нойргүйдэж, өглөө босоход толгой хүндрэх зовуурь илэрнэ
Энергийн ундаа нь элсэн чихэр, кафейн ихээр агуулдаг тул нойргүйдэлд хүргэдэг. Мөн биеэс кафейн гадагшлахад толгой өвдөх, анхаарал буурах зэрэг сөрөг үр дагавартай.
Дүгнээд хэлбэл, түгээсэн бичлэгт дурдсан баримтууд нь үнэнд нийцэж байгаа бөгөөд 2023 онд гарсан судалгаагаар энергийн ундааны хэрэглээ хүүхэд, залуусын дунд ихээр дэлгэрч байгаагийн зэрэгцээ хоол боловсруулах эрхтний хямрал, шингэний дутагдал, бөөрний цочмог гэмтэл зэрэг маш хүнд сөрөг үр дагавартай гэсэн үр дүн гарчээ.




