2025 оны 12 дугаар сарын 19-ний 09:18 цагт UBpress.mn нэртэй хаягаас “УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын агаарын бохирдол буурсныг хүлээн зөвшөөрч X.com-д хөтөлдөг өөрийн хаягаараа жиргэжээ.” гэх пост оруулжээ. Уг мэдээллийг хуулж, нэр бүхий пэйжүүдээс нийт 25 удаа пост оруулж, нийт 50 мянга гаруй үзэлт авсан байна. /Unuu.mn / Өнөө.мн, Focus.mn, Massnews.mn, Хошин шог, Дуулиа бичлэгүүд, Папараци Мэдээ, Taiz.mn, Баримтыг фокуслана, Алаг хорвоо, Өдрийн сонин, Dobu.mn, Barimt.com, zuv.mn, Ubn.mn/
- Энэхүү баримт шалгалт нь агуулгад бус, зөвхөн түгээсэн үйлдэлд нь анализ хийж, өртсөн хэрэглэгчдэд өрнөж буй үйл явцын одоогийн мэдээллийг хүргэхэд чиглэсэн болно. Учир нь Ж.Золжаргал гишүүн хуурамч гэж мэдэгдсэн хаягийн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргаснаа мэдэгдсэн. Хуулийн процесс явагдаж байгаа тул эцсийн шийдвэр гарсны дараа шинэчлэл хийх боломжтой.
Ж.Золжаргал гишүүн Кибер цагдаагийн газарт хуурамч хаягийн талаар гомдол гаргажээ
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ 19-ний өдрөө 12:00 цагаас хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн байна.
Уг мэдээллийн үеэр “Миний нэрийг ашиглан хуурамч аккаунт үүсгэсэн ноцтой үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар гомдол гаргалаа… Х платформд миний нэр, зурагтай, домэйн дэх нэрийг арай товчилсон хувилбартай, түүндээ баталгаажуулсан цэнхэр тэмдэг аваад хуурамч мэдээлэл, миний ярьдаг зүйлийн эсрэг утгатай зүйлийг үүгээр тарааж эхэлсэн байна. Хуурмаг аккаунтын нэр нь zolo_engineer гээд нэг “о”-той, миний жинхэнэ хаяг бол zoloo_engineer гээд хоёр ширхэг “o”-той байдаг… 2018 онд үүсгэсэн, надаас олон дагагчтай хаяг байна. Энэ бол үзэл бодлоо илэрхийлж байгаа хэрэг биш. Тэр хүн миний өмнөөс буруу мэдээлэл оруулж байгаа тул гэмт хэрэг гэж үзэж байгаа юм” гэжээ.

Х платформд хаягийнхаа домэйн дэх нэршлийг бусадтай давхардахгүй л бол хэдэн ч удаа сольж болдог. Ж.Золжаргал гишүүний нэрээр нэрлэсэн хуурамч гэгдэж буй хаягийг андройд утасны апп ашиглан 2018 онд нээсэн ба 8 удаа нэрээ сольсон байна. Харин Ж.Золжаргал гишүүний өөрийн хаяг вэбсайт ашиглан 2013 онд нээсэн, нэрээ солиогүй байна.

Энэхүү баримт шалгалт нь хуурамч гэж мэдэгдсэн хаягаас түгээсэн агуулгыг нягтлаагүй, зөвхөн түгээсэн үйлдэлд нь анализ хийж, өртсөн хэрэглэгчдэд өрнөж буй үйл явцын одоогийн мэдээллийг хүргэхэд чиглэсэн болно. Учир нь Ж.Золжаргал гишүүн уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргаснаа мэдэгдсэн. Хуулийн процесс явагдаж байгаа тул эцсийн шийдвэр гарсны дараа шинэчлэл хийх боломжтой.




