Search

“Төрийн одон зарна” гэх зараар залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1708

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг төрийн одонг үнэмлэхтэй нь зарна гэх зар нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас өөрөөр олгох боломжгүй одон медалийг худалдаж авч зүүсэн болон хуурамчаар хийж зарсан этгээд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Тиймээс хууль бус заранд итгэж хохирохоос сэргийлээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Сүүлийн үед цахим орчинд Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг төрийн одонг үнэмлэхтэй нь зарна гэх зар нийтэлж, мөн “үнэмлэхтэй Алтан гадас авна” гэх зар байршуулах болсон. Энэ нь хууль бус бөгөөд, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг. Түүнчлэн цагдаагийн байгууллагад одон зарна гэх зараар залилан үйлдэж байгаа тохиолдол бүртгэгдсэн байна. Төрийн одонг худалдаж авах боломжгүй, хэрэв зарын дагуу одон авч зүүсэн бол торгуулах хуультайг дараах баримт шалгалтаас уншаарай.

FACTCHECK:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигийн хавсралтаар “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагналыг гардуулах, цолны тэмдэг, одон, медаль, тэдгээрийн үнэмлэхийг нөхөн болон сольж олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.

  • Уг зохицуулалтаар хэн нэгэнд төрийн одон өгөх бол байгууллагаас (төрийн ба төрийн бус бүх байгууллагын болон улс төрийн нам, аж ахуйн нэгжийн анхан, дунд, дээд шатны удирдлага) нэр дэвшүүлнэ. Ингэхдээ баг, хороо, байгууллагын хурлаар хэлэлцэж, дэмжигдвэл удирдлагаас тодорхойлолт гаргаж өгнө. Ямар байгууллагад ажиллаж байгаагаас хамааран шат шатны хариуцах субьектыг нь дэлгэрэнгүй зааж өгсөн.
  • Мөн тэтгэвэрт гараад аль нэг байгууллагад ажиллахгүй байгаа ахмадуудын тухайд ажиллаж байсан газар буюу мэргэжлийн харьяа байгууллагын тодорхойлолт, аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын өргөн мэдүүлсэн бичиг, анкет, Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, саналаар төрийн шагналд нэр дэвшүүлдэг.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санаачлан ямар нэг албан тушаалтан, иргэнийг шагнахаар нэр дэвшүүлбэл ЕТГ хариуцаж тухайн хүнийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлдэг.

Ийнхүү төрийн тэргүүний зарлигаар олгох цол тэмдэгийг байгууллага, холбоодоос бүх нийтийн хурлаас эхэлж хэлэлцүүлэн, баримт цуглуулж, судалгаа хийж, үе шаттай журмын дагуу олгодог байна.

Төрийн одон цол, тэмдгийг хууль бусаар ашиглавал торгууль ногдуулна

Зөрчлийн тухай хуулийн 15.21-д Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглахад оноох хариуцлагыг зааж өгсөн. Тодруулбал, “улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн бол “улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Эх сурвалж: Зөрчлийн тухай хууль
  • 12 дугаар сарын 22-нд ЦЕГ-ын ХМТ-өөс сэрэмжлүүлсэн мэдээлэл оруулсан байна. Мөн ийм төрлийн зараар залилан үйлдэж байгаа хэрэг бүртгэгдсэн талаарх мэдээллийг эндээс үзээрэй.

Дүгнэхэд, “Алтан гадас үнэмлэхтэй нь зарна” гэх мэт хуурамч зарын дагуу мөнгө шилжүүлэн хохирох тохиолдол гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас өөрөөр олгох боломжгүй одон медалийг худалдаж авч зүүсэн болон хуурамчаар хийж зарсан этгээд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Тиймээс хууль бус заранд итгэж хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлиг

Зөрчлийн тухай хууль

ЦЕГ-ын ХМТ-өөс сэрэмжлүүлсэн мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг төрийн одонг үнэмлэхтэй нь зарна гэх зар нийтэлжээ

Check document