2025 оны арван нэгдүгээр сарын 1-нд өдөр LiverDetoxnic Mongolia – Элэг хамгаалалт нэртэй хуудаснаас “LiverDetoxnic нь элэгний эсийг хамгаалж, нөхөн сэргээж, хоргүйжүүлж, элэгний үрэвсэл, хатуурал, өөхлөлтийн үед дэмжлэг үзүүлнэ. Хоолны дуршил нэмэгдүүлж, нойр сайжруулж, арьсыг толигор болгож, ядаргааг багасгаж 14 хонгийн дараа мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус пост 386 реакц, 644 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгаар нягтлах аргыг ашигласан.
Хаягийг шалгасан нь
Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 9 дүгээр сарын 28-нд үүссэн, 1000 гаруй дагагчтай, Вьетнамаас 10 админ удирддаг гэсэн байна. Хуудасныхаа танилцуулга хэсэгт веб хуудасны холбоос байршуулсан нь идэвхгүй байна.

Мөн бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл авахдаа зөвхөн чатаар холбогдохыг уриалж, линк холбож өгчээ. Эдгээр нь хуурамч мэдээлэл түгээж, залилан хийдэг хаягуудад түгээмэл ажиглагддаг шинж чанар юм.
Агуулгыг нягталсан нь
Шалгасан хуудаснаас LiverDetoxnic бүтээгдэхүүнийг “GMP- ISO болон FDA баталгаажуулсан, олон улсын стандарттай” гэж сурталчилсан байна. Гэвч хавсаргасан зурагт буй мэдээллүүд нь зөрүүтэй байна. Тухайлбал, бүтээгдэхүүн, компанийн нэр, байршил зэрэг нь өөр өөр бүртгэлтэй байхаас гадна анх бүртгэсэн өдөр, дуусах огноо давхацсан харагдана. Энэ нь тухайн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн эсвэл өөр байгууллагын материалыг ашигласан байх магадлалтай гэсэн үг юм.

Үүнийг баталгаажуулахын тулд дээр дурдагдсан олон улсын байгууллагуудын албан ёсны сайтад хандаж мэдээллийг нягталлаа. Тодруулбал, дээрх зураг дахь мэдээллийг GMP буюу үйлдвэрлэлийн стандарт баталгаажуулалтын сайтаас сертификатын дугаар, байршил зэргээр шүүхэд ямар ч илэрц гарч ирсэнгүй.

Мөн ISO сертификат дахь Вьетнам компанийн хуудсанд хандаж LiverDetoxnic бүтээгдэхүүнийг хайхад ямар ч бүтээгдэхүүн илрээгүй юм. Нэмээд FDA буюу АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын газрын сайтаас ч бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хайхад илэрц мэдэгдээгүй буюу бүртгэлгүй байна.

Эдгээр баримтаас уг бүтээгдэхүүнийг олон улсын стандартаар бүрэн батлагдаагүй, найдваргүй гэдгийг нь харж болно. Ийм баталгаагүй бүтээгдэхүүнийг гаднын улсын удирдлагатай пэйжээр дамжуулан Монголд борлуулах үзэгдэл их байгаа тул худалдан авах, чатаар хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн баталсан судалгааны материал байхгүй.
Ташрамд дурдахад, элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг байна. Хэрэв зайлшгүй шалтгаанаар хэрэглэх шаардлагатай бол янз бүрийн орц найрлагатай детокс бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зааврын дагуу тохирох эм, бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй.
Дүгнээд үзэхэд, гаднын улсаас удирддаг пэйжээр дамжуулан Монголд баталгаагүй бүтээгдэхүүн борлуулж байна. Ингэхдээ олон улсын сертификатуудыг хуурамчаар үйлдэж хэрэглэгчийг мэхэлжээ.




