Search

ДЭМБ-аас электрон тамхийг хориглох эсвэл зохицуулах арга хэмжээ авахыг уриалсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1706

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

 “Oлoн yлcын т.aмxины cyypь koнвeнцийг мyшгин гyйвyyлж бyй Moнгoл мэpгэжилтэнгvvд”  гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр ДЭМБ электрон тамхийг уламжлалт янжуур тамхинаас ангиллын хувьд тусад нь тайлбарласан боловч, шалгасан мэдээлэлд электрон тамхийг тамхин бүтээгдэхүүнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл харьцангуй аюулгүй мэт ойлголт төрүүлэх зорилготой төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Цахим сонин (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Oлoн yлcын т.aмxины cyypь koнвeнцийг мyшгин гyйвyyлж бyй Moнгoл мэpгэжилтэнгvvд”  гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 799 реакц, 139 сэтгэгдэл, 139 удаа цааш түгээгджээ.

Тус бичлэгт “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ямар ч баримт бичигт электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж дурдаагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенцэд тамхин бүтээгдэхүүн, электрон никотин дамжуулах систем гэж хоёр тусдаа ангилалд тамхи болон бусад бүтээгдэхүүнийг авч үзсэн байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2025 оны тайланд ч тамхин бүтээгдэхүүн, электрон никотин дамжуулах систем гэж хоёр тусдаа бүлэг болгон дүгнэсэн байна” гэжээ.

Электрон никотин дамжуулах системийг шаардлагатай тохиолдолд тамхин бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, хэрэглээний бараа болон бусад ангилалд хамруулан хориглох эсвэл зохицуулах арга хэмжээг авч үзэхийг ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын талуудын 6-р Бага хурлаар уриалсан

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) 1-р зүйлд тамхин бүтээгдэхүүнийг “түүхий эдийн хувьд бүхэлдээ эсвэл хэсэгчлэн тамхины навчаас бүрдэж, татах, сорох, зажлах эсвэл хамраар үнэрлэх зорилгоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байна.

Харин ДЭМБ 2017 оны нэгдүгээр сарын мэдэгдэлдээ электрон никотин дамжуулах систем (Electronic Nicotine Delivery Systems, ENDS)-ийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Тухайлбал, “Электрон тамхи нь тамхины навч шатаахгүй, харин уусмалыг ууршуулж, сордог төхөөрөмж юм. Уусмалын үндсэн найрлага нь (никотин агуулсан тохиолдолд никотиноос гадна) пропилен гликоль, глицерин болон амт оруулагч бодисууд байдаг. ENDS-ийн уусмал болон ялгаруулж буй аэрозол нь бусад химийн бодисуудыг мөн агуулдаг бөгөөд тэдгээрийн зарим нь хорт бодис гэж тооцогддог” гэжээ.


Шинэ болон шинээр гарч ирж буй тамхины бүтээгдэхүүний ангиллын тухай, Эх сурвалж: ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын Нарийн бичгийн газар

Үүнээс гадна “Халаадаг тамхин бүтээгдэхүүн нь тамхин бүтээгдэхүүн мөн бөгөөд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын заалтуудад бүрэн хамрагдана” хэмээн тус тус тодорхойлсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2025 оны тайлан

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “WHO report on the global tobacco epidemic, 2025” гэх тайланд электрон никотин дамжуулах систем гэж нэг бүлэгт авч үзсэн ч “ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын Талуудын 7-р бага хурлын шийдвэр бөгөөд электрон никотин дамжуулах систем (ENDS)-ийг улс орнууд өөрийн хууль, бодлогын хүрээнд хориглох эсвэл зохицуулах боломжтой гэж уриалсан юм” хэмээн хамгийн эхний өгүүлбэрт онцлон бичжээ.

ДЭМБ-аас “Тамхи, никотин болон холбогдох бүх бүтээгдэхүүн нь донтуулах болон эрүүл мэндэд хортой нөлөөтэй”-г анхааруулсан

ДЭМБ-аас 2025 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасан Тамхины хяналт, хор хөнөөлийг бууруулах талаарх албан байр суурьт, “Тамхи, никотин болон холбогдох бүх бүтээгдэхүүн нь донтуулах болон эрүүл мэндэд хортой нөлөөтэй. Ялангуяа амт оруулсан электрон тамхи, сонирхол татахуйц сав баглаа боодол, сурталчилгаа нь хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын хэрэглээг огцом нэмэгдүүлж, ноцтой эрсдэл үүсгэж байна” хэмээн онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналт, хор хөнөөлийг бууруулах талаарх албан байр суурь

Дүгнэлт

Хэдийгээр ДЭМБ электрон тамхийг уламжлалт янжуур тамхинаас ангиллын хувьд тусад нь тайлбарласан боловч, шалгасан мэдээлэлд электрон тамхийг тамхин бүтээгдэхүүнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл харьцангуй аюулгүй мэт ойлголт төрүүлэх зорилготой төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

Үүнээс гадна шалгасан мэдээлэлд дурьдсан ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцод “Электрон никотин дамжуулах системийг шаардлагатай тохиолдолд тамхин бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, хэрэглээний бараа болон бусад ангилалд хамруулан хориглох эсвэл зохицуулах арга хэмжээг авч үзэхийг уриалсан” талаар онцолсон байна.

Мөн уг мэдээллийг түгээсэн хуудас өмнө нь “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байсныг бид энд баримтаар шалган мэдээлж байсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

 “Oлoн yлcын т.aмxины cyypь koнвeнцийг мyшгин гyйвyyлж бyй Moнгoл мэpгэжилтэнгvvд”  гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document