Search

“Усан доор 200 хэмийн халуун орчинд аварга загаснууд амьдардаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1705

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эрдэмтэд аварга загас  идэвхтэй галт уул дотор 200 хэмийн халуунд амьдарч байгааг тогтоосон гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Усан доорх Кавачи галт уулын ойр орчмын усны температур хэвийн хэмжээнээс 10 градусаар их буюу ойролцоогоор 37-40 градустай байдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 16-нд Erdene Scape Travel-Дэлхий дээрх гайхамшигт газрууд (Архивласан хувилбар) хуудаснаас  “Эрдэмтэд далай доор идэвхтэй галт уулын дотор 200 хэм буюу маш халуун орчинд акулууд амьдарч байгааг тогтоожээ” гэх текст бүхий зураг нийтлэснийг нийт 746 реакц, 98 сэтгэгдлээр идэвхжүүлж, 67 удаа цааш  түгээжээ. Тус зургийн тайлбар хэсэгт “Эрдэмтэд далайн гүний доор үнэхээр гайхалтай нээлт хийжээ. National Geographic-ийн экспедицийн үеэр Соломоны арлуудад орших Кавачи хэмээх усан доорх идэвхтэй галт уулын дотор Hammerhead болон Silky акулууд амьдарч байгааг ажигласан байна. Галт уулын тогоонд буцалж буй ус, хүхрийн хүчил, галт уулын хий агуулагдаж, температур нь 200°C-д хүрдэг. Өмнө нь ийм нөхцөлд ихэнх далайн амьтад амьдрах боломжгүй гэж үздэг байсан ч энэхүү ажиглалтаар шинжлэх ухаанд шинэ асуултууд үүсэж байна” хэмээн дэлгэрүүлэн тайлбарласан байна.

Усан доорх Кавичи галт уул Номхон далайн баруун өмнөд хэсэгт Соломон арлуудын ойролцоо оршдог. 1939 онд анхны дэлбэрэлт бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш дахин 8 идэвхтэй дэлбэрэлтийн үе гарсан байна. Хамгийн сүүлд 2022 оны сүүлээс 2023 он хүртэл идэвхтэй дэлбэрэлтийн үе тохиосон. Анх 2015 онд эрдэм шинжилгээний экспедицийн үеэр Кавачи галт уулын дэргэд аварга загас байгааг илрүүлсэн. 2017 онд судлаачид дахин тус галт уулыг судлахаар очсон ба далайн гүн рүү камер буулгаж орчин тойрныг дүрсээр буулгажээ. Камерын дүрсэнд хэд хэдэн төрөл зүйлийн амьтан байсан бөгөөд  Sixgill stingray, Sealleped hammerheads, Silky shark, Sleeper shark зэрэг аварга загас харагдсан байна.

Судалгааны багийн гишүүн Бренна Филлипс  “Галт уулын ойр орчим маш халуун, хүчиллэг бөгөөд булингартай учир үзэгдэх орчин багассан байсан. Эдгээр нөхцөл нь загасанд сайн биш, мөн аварга загасанд ч таатай, сайн эсэх нь эргэлзээтэй” хэмээн National Geographic-ийн сайтад 2017 оны 04 дүгээр сарын 19-нд нийтлэгдсэн мэдээлэлд ярьжээ.

Мөн тус судалгааны багийн гишүүн Мэттью Данбабин “Галт уул орчмын бүсэд гадаргуугийн PH -ийн түвшин огцом буурч, усны температур 10 градусаар өндөр байгааг хэмжсэн.  Кавачи галт уул нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж байсан…” хэмээн мэдээлсэн.

Далайн эргийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүлд 2016 онд нийтлэгдсэн Кавачи галт уул болон түүний ойролцоо орших аварга загаснуудын тухай судалгааны  дүгнэлтийн хэсэгт “2100 он хүртэлх таамаглалаар дэлхийн хэмжээнд гадаргын далайн ус хамгийн ихдээ ∆−0.4 рН ба ∆+4°C байх төлөвтэй нийцэж байгаа бөгөөд Кавачигийн утааны багана болон түүнийг хүрээлсэн гадаргын усны хоорондох бидний тооцоолсон ∆−1.9 рН ба ∆+13°C байна…” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, 2100 он гэхэд далайн ус хамгийн ихдээ рН 0.4-өөр буурч, илүү хүчиллэг болох бол температур 4°C нэмэгдэнэ гэж уур амьсгалын загварууд үзэж байна. Харин Кавачигийн утааны баганын ойролцоо рН 1.9-өөр буурсан нь маш их хүчиллэг орчин бий болгож, температур 13°C-ээр нэмэгдсэн нь маш их халсан гэсэн үг юм.

  • Кавачигийн утааны багана- Усан доорх Кавачи галт уулын дэлбэрэлтийн үеэр далай болон агаар мандалд хаягдсан өнгөө алдсан ус, уур, үнс, чулуулгийн хэлтэрхийнүүдийн харагдахуйц багана юм.

Дээрх судалгааны дүгнэлтэд Кавачи галт уулын ойр орчмын усны температур хэвийн хэмжээнээс 10 гаруй градусаар ихэссэн болохыг харуулж байна.

Соломон арлуудын далайн усны температур жилийн турш тогтмол дулаан байдаг бөгөөд халууны улиралд ихэвчлэн 29-30 цельсийн хэмтэй байдаг. Сэрүүн улиралд дунджаар 27-29 градустай байдаг байна. Үүнээс харахад галт уулын эргэн тойронд усны температур ойролцоогоор 37-40 градусын хэмтэй гэсэн үг юм. Харин шалгасан мэдээлэлд “200 хэмийн халуунд аварга загас амьдардаг” хэмээн төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Эрдэмтэд аварга загас  идэвхтэй галт уул дотор 200 хэмийн халуунд амьдарч байгааг тогтоосон гэх мэдээлэл түгээжээ.

Check document