2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Долматин нэртэй хуудаснаас “Бөөр муутай хүний яс амархан сийрэгжиж, өвдөг амархан мууддаг. Бидний бөөр шүд хорхойтох, хоолой өвдөх зэрэгт огцом мууддаг” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус пост 854 реакц, 156 сэтгэгдэл авч, 180 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бөөр нь хорт бодис, илүүдэл шингэнийг гадагшлуулан, эрдэс бодисын тэнцвэрийг барьж, цусны даралтыг зохицуулах зэрэг олон төрлийн үүрэгтэй эрхтэн юм. Түүнчлэн кальци, фосфор, витамин D зэрэг ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисын түвшнийг зохицуулдаг юм. Бөөрний үйл ажиллагаа муудахад витамин D-г идэвхжүүлэх чадвар, кальцийн шимэгдэл буурч, илүүдэл фосфорыг гадагшлуулах чадвар алдагдаж эхэлдэг байна. Үүнийг нөхөхийн тулд бие паращитовидын дааврыг ихээр ялгаруулж, яснаас кальци “татаж” эхэлдэг. Энэ нь ясны шинж чанар муутгаж, хугарах, сийрэгжих эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
2022 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Архаг бөөрний өвчтэй хүмүүсийн яс сийрэгжилтийг хянах менежмент” нэртэй судалгаанд энэ талаар дэлгэрэнгүй дурджээ. Тодруулбал, архаг бөөрний өвчтэй хүмүүсийн яс хугарах магадлал 4–5 дахин өндөр байдаг. Уг эрсдэл нь бөөрний үйл ажиллагаа муудах тусам нэмэгддэг байна. Иймээс бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн ясны механизмыг илүү нарийн судалж, хугарахаас нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэжээ.
Энэ талаар АНУ-ын Үндэсний чихрийн шижин, ходоод, бөөрний судалгааны институтийн албан ёсны сайтад “Архаг бөөрний өвчтэй хүмүүст үүсдэг ясны эмгэг нь бөөрний үйл ажиллагаа муудаж, эрдэс бодисын тэнцвэр хадгалах чадвар буурснаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан ясны өсөлт удааширч, хэлбэрээ алдаж, сийрэгжих эрсдэлтэй. Цаашлаад зүрх судсанд ч нөлөөлөх нь бий. Иймд бөөрөө хамгаалж, ясны хөгжлийг дэмжих хоол хүнсийг сонгож, дасгал хөдөлгөөн хийж, зохих эмчилгээг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийх нь зүйтэй” гэж мэдээлжээ.
Харин хоолой, шүд өвдөх төдийд бөөрний үйл ажиллагаа шууд доголдоод байхгүй. Гэвч амны хөндийн үрэвсэлт өвчин даамжирсаар бөөр бусад эрхтэнд нөлөөлөх магадлалтай аж. Тухайлбал, цоорсон шүд, буйлны үрэвсэл, хэл, амны шарх нь бактери амьдрах орчныг бий болж, хүндэрсээр сепсис гэх мэт хүнд төрлийн халдвар үүсгэх эрсдэлтэй. Уг халдвар нь цусаар дамжин бөөрийг өвчлүүлдэг. Сепсис халдварыг үүсгэх олон төрлийн хүчин зүйл байдаг бөгөөд ганцхан бөөр бус өөр бусад эрхтнийг ч гэмтээх эрсдэлтэй.
Мөн 2025 оны “Архаг бөөрний өвчин ба амны эрүүл мэнд” гэх өвчтөнүүдийг ажиглан, тархалт, холбоог тодорхойлох судалгаанд бөөрний архаг өвчинтэй хүмүүсийн амны хөндийн өвчлөл илүү өндөр хувьтай ажиглагджээ. Судалгаанд 75 насанд хүрэгчдийг хамруулсан бөгөөд шүлсний наалдац, буйлны үзлэг, цусны дээж зэрэг клиник үзүүлэлтүүдийг шинжилсэн байна. Үүнээс архаг бөөрний өвчтэй хүмүүсийн буйл үрэвсэх эрсдэл 3.3 дахин өндөр байна гэсэн дүгнэлт хийжээ.
Эдгээр баримтаас дүгнээд үзэхэд, бөөрний үйл ажиллагаа муудах нь эрдэс бодисын солилцоог алдагдуулж, ясны нягтралыг сулруулдаг байна. Мөн амны хөндийн эрүүл ахуй муу байх нь бактери үржих нөхцөл бүрдүүлж бөөр бусад эрхтнийг гэмтээх халдвар үүсгэх эрсдэлтэй байдаг аж.




