Search

“Унтахаасаа өмнө бэрсүүт жүрж идэх нь өөх шатаана” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1703

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Унтахаас өмнө бэрмүүт жимс идэх нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнгүйгээр 7 хоногт 2.5 кг жин хасахад туслана” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Аризонагийн их сургуулиас бэрсүүт жимс идэх нь биеийн жинг буруулах эсэх тухай судалгаа нийтэлж байсан ч тус судалгаанд унтахаас өмнө бэрсүүт жүрж идэх туршилт хийгээгүй. Мөн бэрсүүт жүрж зэрэг цитрусийн төрлийн жимсийг унтахынхаа өмнө идэхийг зөвлөдөггүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 09-нд anirgui_silence (архивласан хувилбар) нэртэй Instagram хаягаас “Унтахынхаа өмнө бэрсүүт жимс идэх нь унтаж байх үед өөх шатаадаг. Аризонагийн их сургуулийн хийсэн туршилтаар 1 долоо хоногт 2:5 кг хасан-хоолны дэглэм, дасгал шаардлагагүй” гэх мэдээлэл түгээснийг нийт 1,800 гаруй реакц, 15 сэтгэгдлээр идэвхжүүлжээ. Түгээсэн зургийн тайлбар хэсэгт “30 хоногийн турш амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр долоо хоног бүр дунджаар 5 фунт хассан… унтаж байх үед өөх задлах процессыг 67 хувиар нэмэгдүүлдэг… цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгаж шөнийн 3 цагт кортизолийн өсөлтөөс сэргийлдэг… унтахаас 60 минутын өмнө бэрсүүт жүрж идээрэй эсвэл 1см орчим шинэ цагаан гаа мөстэй хольж ууж болно” хэмээн онцолжээ.

Аризонагийн их сургуулийн судалгаанд унтахаасаа өмнө бэрсүүт жимс идэх туршилт хийгээгүй.

Аризонагийн их сургуулиас 2012 онд “Эрүүл, илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн өдөр тутмын бэрсүүт жүржийн хэрэглээний биеийн жин, липид, цусны даралтад үзүүлэх нөлөө” судалгаа гаргасан. Тус судалгаанд оролцогчдыг 3 долоо хоногийн турш биологийн идэвхт бодисоор баялаг жимс, хүнсний ногоо багатай дэглэмээр хооллосны дараа 2 бүлэгт хуваан эхний бүлэгт хяналтын хоолны дэглэмтэй, удаах бүлэгт өдөр бүр хоолны (өдрийн 3 хоол) дараа Рио-Ред бэрсүүт жүржээс талыг нь идэх дэглэмтэй 6 долоо хонгийн туршилт явуулжээ. Судалгааны үр дүнд бүлэг хооронд жин, цусны даралт, липидийн ялгаа ажиглагдаагүй ба бэрсүүт жимс хэрэглэх нь суурь үзүүлэлттэй харьцуулахад бага зэрэг жин хасах, бүсэлхийн тойрог мэдэгдэхүйц буурах, систолын цусны даралт мэдэгдэхүйц буурах нь ажиглагдсан. Гэвч хяналтын бүлэгтэй харьцуулахад их өөрчлөлт гараагүй бөгөөд “Энэхүү судалгаагаар 6 долоо хоногийн турш өдөр бүр бэрсүүт жүрж хэрэглэх нь хяналтын бүлэгтэй харьцуулахад биеийн жин, липид, цусны даралтыг мэдэгдэхүйц бууруулдаггүй болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч хөндлөнгийн оролцооны бүлэгт цусны даралт болон липидийн сайжруулалт ажиглагдсан нь бэрсүүт жүржийг таргалалт болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд цаашид үнэлэх шаардлагатайг харуулж байна” хэмээн онцолжээ.

Аризонагийн их сургуулиас гаргасан судалгаанд бэрсүүт жүржийг унтахынхаа өмнө идэх туршилт хийгээгүй ба судалгааны үр дүнгээр бэрсүүт жимс идэх нь биеийн жинг бага зэрэг бууруулдаг болохыг харуулсан ч хяналтын бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц буураагүй байна. Харин шалгасан мэдээлэлд “тус судалгаанд бэрсүүт жимсийг унтахаасаа өмнө идсэнээр долоо хоногт 2.5 кг хассан” хэмээн төөрөгдүүлжээ.

2020 онд нийтэлсэн “Цитрус жимс болон/эсвэл түүний хандыг хоолны дэглэмд хэрэглэх нь жингээ хянахад хувь нэмэр оруулсан: 13 санамсаргүй эмнэл зүйн туршилтын системчилсэн тойм болон мета-шинжилгээний нотолгоо” судалгааны үр дүнд “цитрус жимс эсвэл ханд хэрэглэх нь биеийн жинг 1.280 кг, биеийн жингийн индексийг 0.322 кг/м2, бэлхүүсний тойргийг 2.185 см, биеийн өөх тосны хэмжээг 2.137 см тус тус мэдэгдэхүйц бууруулсан боловч биеийн жингийн хэм, биеийн өөх мэдэгдэхүйц буурсан нөлөө ажиглагдаагүй” хэмээн гарчээ. Мөн судалгааны дүгнэлтэд “цитрус жимс эсвэл хандны нэмэлт нь биеийн жингийн хяналтад үзүүлэх ашигтай нөлөөтэй бөгөөд  цаашид биеийн жинд үзүүлэх эмнэл зүйн үр нөлөөг баттай тогтоохын тулд сайтар боловсруулсан судалгаа шаардлагатай байна” хэмээн онцолсон.

Мэргэжилтнүүд унтахаасаа өмнө цитрусны төрлийн жимс идэхийг зөвлөдөггүй

Жонс Хопкинсын Анагаах Ухааны Их Сургуулийн мэдээллийн сайтад бэрсүүт жүрж зэрэг цитрус жимс нь цээж хорсгох хамгийн хүчтэй өдөөгч хүчин зүйлийн нэг хэмээн мэдээлжээ. Мөн ходоод-улаан хоолойн сөргөө өвчинтэй (GERD) үед цитрусийн төрлийн жимс нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж, шинж тэмдгийг улам дордуулдаг учир бэрсүүт жүржийн хэмжээг хязгаарлахыг Кливланд клиникээс зөвлөсөн.

Мэргэшсэн эрүүл мэндийн мэргэжилтэн хянасан эрүүл мэндийн хэд хэдэн нийтлэлд унтахаасаа өмнө бэрсүүт жүрж зэрэг циструсын төрлийн жимс идэхгүй байхыг зөвлөжээ. Тодруулбал, эрүүл мэндийн мэдээлэл оруулдаг Everyday health, By sleep doctor, Oshi health зэрэг сайтад унтахаасаа өмнө цитрусын төрлийн жимс идэхгүй байхыг зөвлөсөн ба эдгээр нийтлэлийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд хянан баталгаажуулсан байна.

Дүгнэлт

Аризонагийн их сургуулиас бэрсүүт жимс идэх нь биеийн жинг буруулах эсэх тухай судалгаа нийтэлж байсан ч тус судалгаанд унтахаас өмнө бэрсүүт жүрж идэх туршилт хийгээгүй. Мөн бэрсүүт жүрж зэрэг цитрусийн төрлийн жимсийг унтахынхаа өмнө идэхийг зөвлөдөггүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Унтахаас өмнө бэрмүүт жимс идэх нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнгүйгээр 7 хоногт 2.5 кг жин хасахад туслана” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

 

Check document