Search

“Toyota Land Cruiser автомашины азтан шалгаруулна” гэх хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1701

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бид 86 жилийн ойгоо тохиолдуулан энэхүү гайхалтай Toyota Land Cruiser автомашиныг нэг азтандаа бэлэглэхээр шийдлээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тоёота компанийн нэр, логог ашигласан хуурамч хаягаас автомашин бэлэглэх тухай хуурамч мэдээлэл түгээсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Toyota Dealler Fans нэртэй хуудаснаас “Бид 86 жилийн ойгоо тохиолдуулан энэхүү гайхалтай Toyota Land Cruiser автомашиныг нэг азтандаа бэлэглэхээр шийдлээ. Энэ нь амархан: @ гэж бичээд “онцлох” товчийг дарна уу. Хэрэв товчлуур цэнхэр болж хувирвал та сонгогдсон байна. Сугалааны тохирол 12-р сарын 12-ны 19:00 цагт болно” гэсэн тайлбартай пост түгээжээ. Тус постыг 16 мянга гаруй реакц, 75.4 мянган сэтгэгдлээр идэвхжүүлж, 77 мянган удаа цааш түгээжээ.

Тэмдэглэлт баярын өдрүүдээр цахим залилангийн тоо хэмжээ 300 хувь хүртэл огцом өсдөг. Ингэхдээ бэлэг өгөх, мөнгө тараах, азтан шалгаруулах гэх мэт шан харамж амласан байх нь түгээмэл. Иймд залиланг танихын тулд баримт шалгах анхан шатны гурван аргаар нягталж байгаарай.

Энэхүү мэдээллийг хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргаар шинжиллээ.

Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 12 дугаар сарын 9-нд үүссэн, 9400 дагагчтай байна. Үүнээс гадна холбогдох дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй, ганцхан пост оруулжээ.

Ганцхан посттой, саяхан үүссэн, нэмэлт мэдээлэлгүй хэр нь азтан шалгаруулж, бэлэг өгөх талаар мэдээлэл түгээсэн нь залилангийн шинжтэй хуудаснуудад түгээмэл ажиглагддаг шинж чанар юм.

Агуулгыг нягталсан нь

Шалгасан мэдээлэлд “Toyato 86 жилийн ойгоо тохиолдуулан автомашин бэлэглэх гэж байна” гэсэн агуулгыг дурдсан. Уг мэдээллийг тодруулахын тулд Toyota компанийн албан ёсны хуудсанд хандахад, 1937 оны наймдугаар сарын 28-нд үүсгэн байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл байгуулагдаад 88 жил болжээ.

Харин Монгол дахь албан ёсны борлуулагчид нь 2000-аад оноос идэвхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Жишээлбэл, Таван Богд ХХК нь 1995 оны тавдугаар сард байгуулагдсан ба 2013 оны гуравдугаар сараас шинэ Toyota автомашины борлуулалтын үйл ажиллагааг эхэлсэн. Тоёота Сэйлс Монголиа ХХК нь 2017 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Түүнчлэн эдгээр байгууллагын албан ёсны хуудсанд азтан шалгаруулж, машин бэлэглэх тухай ямар ч мэдээлэл нийтлэгдээгүй байна.

Дүгнээд хэлэхэд, үүсээд удаагүй, хаяг байршил зэрэг нэмэлт мэдээлэлгүй хуудаснаас Toyota компанийн нэр логог ашиглан хуурамч мэдээлэл түгээж байна.

Ташрамд дурдахад, бид өмнө нь энэ мэт томоохон байгууллага, худалдааны төв, брэндийн нэр ашиглан залилан хийж буй үйлдлийг баримтаар шалгаж мэдээлж байсан.( эндэндэндэндээс үзээрэй) Тэдгээр хуурамч хаягийн ижил шинж тэмдэг нь “PC mall fans“, “Naran fans“, “Nomin fans” зэргээр “fans” гэх үгийг нэрэндээ агуулсан, нээгдээд удаагүй, ганцхан төрлийн мэдээллийг байнгын давтамжтай түгээдэг зэрэг байв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Бид 86 жилийн ойгоо тохиолдуулан энэхүү гайхалтай Toyota Land Cruiser автомашиныг нэг азтандаа бэлэглэхээр шийдлээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document