2025 оны арваннэгдүгээр сарын 29-нд Gunjmaa Mongolia нэртэй хаягаас “Хятадын мэдээ 0-21 хүртэлх насны залуучууд, хүүхдүүдийн цусыг хандив, донор нэрээр цуглуулах кампанит ажил хятадад байнга өрнөх болов…” гэх эхлэлтэй тайлбар бичиж, YouTube бичлэг хавсаргасан пост оруулжээ.
Уг пост 66 реакц, 11 сэтгэгдэл авч, 719 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэхүү мэдээллийг шалгахын тулд тус постод хавсаргасан линкээр хандаж, мэдээлэл түгээсэн анхны хаягийг шалгав.
Уг мэдээлэл нь Lie’s Real Talk нэртэй сувгийн “Хятадын Коммунист намын шинжлэх ухаанаар залуужих башир нууц илчлэгдлээ” гэх бичлэгээс эхлэлтэй аж. Тухайн бичлэгт “Жэт Ли дахин залуужсан нь, тэрбумтан Ю Вэньхоны 20 сая юань зарцуулсан цус сэлбэлт, нярай хүүхдийн үүдэл эсийн фермтэй холбоотой аймшигт хэргүүд” гэх мэт шуугиантай сэдвүүдийн талаар ярьжээ. Гэвч эдгээрийг батлах ямар нэгэн албан ёсны эх сурвалж дурдаагүй байна.
Тус сувгийн хөтлөгч Лэй нь Хятадад төрж, өссөн бөгөөд санхүүгийн салбарт ажиллаж байгаад цар тахлын үеэс бичлэг хийж эхэлсэн гэжээ.
Түүний Lei’s Real Talk нэртэй Facebook пэйжийг Канадаас 2, АНУ, Вьетнамаас тус бүр нэг админ удирддаг гэж тэмдэглэсэн ба Leisrealtalk.com вэбсайтын сервер нь АНУ-д байрладаг байна.

Тэрээр эл сувгаараа ихэвчлэн Хятадын Коммунист Намын эсрэг үзэл баримтлалтай мэдээлэл түгээдэг байна. Энэ нь бичлэгийнх нь гарчиг, тайлбар, үг сонголт зэргээс нь харагддаг. Ингэхдээ цахим орчинд олны анхаарлыг татаж буй дуулиан тарьсан хэргүүдийг сэдэв болгож сонгодог аж. Гэвч тухайн сэдвүүдийнхээ бодит байдлыг шинжлэх ухаан, бодлого төлөвлөлт зэрэг баталгаатай эх сурвалжаар тайлбарлах бус цуу ярианд суурилсан байх нь олонтаа. Энэ нь тухайн сувгаас түгээсэн мэдээлэл хэт нэг талыг барьсан, баталгаагүй байх магадлалтайг харуулдаг.
- Мөн шалгасан мэдээлэлд дурдсан зарим агуулга нь бүрэн батлагдаагүй, ташаа ойлголтууд байна. Тухайлбал, “Хятадууд бүх хүүхэд, залуучуудаас тогтмол цус авч, элитүүдэд залуужуулах эмчилгээ хийдэг” гэж түгээсэн баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй. Мөн залуу хүний цусаар хөгшрөлтийг бууруулах боломжтой эсэхийг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа юм.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр “Ойролцоогоор 15 жилийн өмнөөс нэгэн судалгааны мэдээллүүд гарч эхэлсэн нь “залуу хулганын цусыг хөгшин хулганад хийснээр хөгшрөлтийн явцыг ухраадаг” тухай байв. Эл судалгаанаас нөхөн сэргээх уураг, молекулуудыг илрүүлж, нейрон өсөж буй үйл явцыг ажигласан байна. Гэвч хөгшрөлтийг зөвхөн нэг молекулаар сааруулах боломжгүй. Олон хүчин зүйлийг хослуулсан нарийн судалгаа хэрэгтэй”-г онцолж, цус сэлбэх аргыг хөгшрөлтийн эсрэг нөлөөгүй гэсэн байна. Мөн эл аргыг бусад мэргэжлийн байгууллагаас хориглосон гэж мэдээлжээ. Тодруулбал,
- 2024 оны арван хоёрдугаар сарын 6-нд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас “Залуу донороос плазм /цусны шингэн хэсэг/ сэлбэх нь насжилт бууруулж, өвчин эдгээнэ гэж клиникээр батлагдаагүй” гэх анхааруулга гаргасан байна.

Учир нь зарим байгууллага уг аргаар элдэв өвчнийг эмчилж, залуужуулна гэж сурталчилж байжээ. Жишээ нь, 2017 онд АНУ-д байрлах “Амбросиа” нэртэй компани залуу донорын нэг литр плазмыг 8,000 ам.доллароор худалдаж байжээ. Хүнс, эмийн захиргаанаас (FDA) ийм эмчилгээг эрс эсэргүүцсэний үр дүнд тус байгууллага 2019 онд хаалгаа барьсан аж.

- Түүнчлэн, Хятадад цус хандивлах үйл ажиллагаа нь сайн дураар явагддаг бөгөөд тус улсын хэмжээнд цусны донорын түвшин 1,000 хүн тутамд 11.4 байна. Гэвч цусны нөөц дутагдалтай, хандив багассан хэвээр байгаа гэдгийг China Daily мэдээллийн сайтад тэмдэглэсэн байна.

Эдгээр баримтаас “залуу хүний цус сэлбэж, хөгшрөлтийг бууруулна” гэдэг нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, эрсдэлтэй арга гэдгийг харж болно. Мөн тус аргыг “Хятадад өргөнөөр ашиглаж, залуу үеийнхний цусыг байнга авдаг” гэх нотлогдсон мэдээлэл илрээгүй. Үүнээс гадна уг агуулгыг анх түгээсэн суваг нь мэдээллийн найдвартай эх сурвалжид тооцогдохуйц баталгаатай хуудас биш юм.




