2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эсэргүүцэж байна (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Тээp xap дaa. Aдилxaн тaтвap нoгдyyлж бaйнa гээд я.нжyyp нь 4750₮, гэтэл Beйn нь 84,000₮. Энэ aдилтгaл yy?” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 760 реакц, 295 сэтгэгдэл, 32 удаа цааш түгээгджээ.
Шалгасан мэдээлэлд ашигласан бичлэг нь УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн ярилцлагаас “Хөрш орнуудын тамхины үнэ манайхаас 2-3 дахин үнэтэй байгаа. Үүнтэй зохицуулж үе шаттайгаар нэмж байгаа. Сөрөг үр дагавар гарах учраас огцом нэмэхгүй. Манай Сангийн яамнаас тооцоолол гаргаад, 3800-аар зарагдаж байгаа бол ирэх жил 4,700 болно гэдэг ч юм уу…” гэсэн хэсгийг таслан оруулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1 миллилитр ногдох электрон тамхины цэнэглэгч шингэний онцгой албан татварын хэмжээг 2030 он гэхэд 5,000 биш 1,410 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан
Шалгасан мэдээлэлд ubn мэдээллийн сайтад 2025 оны 11 дүгээр сарын 27-нд нийтлэгдсэн, 2025 он ба 2030 онд янжуур тамхи болон электрон тамхины үнэ хэд болохыг харуулсан хүснэгтийг төгсгөлд нь оруулжээ. Гэвч 2030 оны электрон тамхины үнийг тооцоолж гаргасан хүснэгт дэх электрон тамхины 1мл шингэний онцгой албан татвар болон төхөөрөмжийн онцгой албан татварын үнийг буруу бичжээ.

Тухайлбал, “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр 1 миллилитрт ногдох электрон тамхины цэнэглэгч шингэний онцгой албан татварын хэмжээг 2030 он гэхэд 1,410 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Харин шалгасан мэдээлэлд 1 миллилитр электрон тамхины шингэн 5,000, 2 миллилитр электрон тамхины шингэний үнэ 10,000 төгрөг болно хэмээн төөрөгдүүлжээ.
Үүнээс гадна электрон тамхины төхөөрөмжийн онцгой албан татварын хэмжээг 2030 он гэхэд 25,000 төгрөг биш 1,567 төгрөг болгохоор тусгасан байгаа нь дээрх хүснэгтэд харагдаж байна.
Харин “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр электрон тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасаныг хүснэгтэд оруулсан байна.
Дүгнэхэд, “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр 1 мл электрон тамхины шингэний онцгой албан татварыг 1,410 төгрөг байхаар тусгасан байхад 5,000 төгрөг, төхөөрөмжийн онцгой албан татварыг 1,567 төгрөг байхаар тусгасан байхад 25,000 төгрөг болгон хэт дэгсдүүлж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.
Энэхүү пэйж өмнө нь “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байсан
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Таны татаж байгаа утаатыг, халаадгийг нь, вэйп аль алийг нь 3-4 дахин үнэтэй болгох нь. Хямдаа бодоод Оросоос зөөцгөөх үү дээ” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээснийг манай байгууллага баримтаар шалгасныг унших боломжтой.
Үүнээс гадна “янжуур, вейп” зэрэг түлхүүр үгний дунд цэг (я.нжуур) ашигласан, вейп гэдэг үгний “п” үсгийг “n” үсгээр бичсэн байна. Энэ нь хайлтын систем болон цахим платформын автомат филтерээс зайлсхийх зорилготой, ихэвчлэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг арга барил юм.







