2025 оны 12 дугаар сарын 04-нд neoalchemy.co нэртэй Instagram хаягаас Oreo бол жигнэмэг биш. Хуванцар шиг хайлдаг химийн хольц” гэх гарчигтай богино хэмжээний бичлэг түгээснийг нийт 1151 реакц, 47 сэтгэгдлээр идэвхжүүлжээ. Тус бичлэгт “Ореог шатаагаад үзвэл түлэгддэггүй. Харин лаа шиг хайлж, хуванцар шиг утаа гардаг. Учир нь нэгдүгээрт ореод гидрогенжуулсан ургамлын тос байдаг. Энэ тос хүнснийхээс илүү лааны тос шиг бүтэцтэй. Хоёрдугаарт хар өнгө нь шоколад биш. Хэт боловсруулсан какаоны үлдэгдэл будгийн холимог. Жинхэнэ какаоны амт ч байхгүй. Гуравдугаарт крем нь крем биш сүү ч байхгүй зөвхөн сахар, тос, үнэр оруулагч. Дөрөвдүгээрт түүний хатуу бүтэц нь жигд гурилаас биш цагаан цардуул тосны хольц. Тиймээр ореог шатаахад хоол шиг түлэгддэггүй, хуванцар шиг хайлж, улаан утаа гаргаж унтардаг. Энэ бол жигнэмэг биш энэ бол химийн хольц” гэх агуулгыг дурдсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Орео брэндийн албан ёсны сайтад бүтээгдэхүүний орц найрлагыг дэлгэрэнгүй оруулжээ. Орео жигнэмгийн орц найрлагын зургийг доор хавсаргав.

Орчуулга: Цайруулаагүй, баяжуулсан гурил (буудайн гурил, ниацин, бууруулсан төмөр, тиамин мононитрат [витамин В1], рибофлавин [витамин В2], фолийн хүчил), элсэн чихэр, далдуу модны тос, шар буурцаг эсвэл рапсын тос, какао (шүлтээр боловсруулсан), өндөр фруктоз агуулсан эрдэнэ шишийн сироп, хөрөнгө (хүнсний сода эсвэл кальцийн фосфат), давс, шар буурцгийн лецитин, шоколад, амт оруулагч.
Wall Street Journal сонины сайт болон Youtube сувагт 2023 оны 03 дугаар сарын 24-нд хүнсний микробиологич Бруно Ксавьер Oreo жигнэмгийн орц найрлагыг нарийвчлан задалж, тайлбарласан бичлэг нийтэлжээ. Бичлэгээс онцлох, гол агуулгыг дараах байдлаар товчлон хүргэж байна.
- Кремд нэг ч сүүн бүтээгдэхүүн ороогүй. Элсэн чихэр, шар буурцгийн лецитин (шар буурцгаас сүү), өндөгний уургийг орлох эмульгатор (тодорхой уусмалд хоорондоо уусдаггүй бодисуудыг уусгаж, найрлагыг нь сайтар холиход ашигладаг уусгагч бодис) зэргээс бүрддэг.
- Орео жигнэмгийн орц найрлагад гурван төрлийн тос байгааг харуулсан ч Бруно Ксавьер хамгийн чухал нь далдуу модны тос (palm oil) гэж онцолжээ. Далдуу модны тос нь хатуу хэлбэртэй амьтны өөх тосыг ургамлын гаралтай өөх тосоор орлуулах боломж олгодог.
- Орео жигнэмгийн орцод нэмэлт элсэн чихэр, өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп (эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан) гэсэн хоёр төрлийн чихэрлэг амт оруулагч найрлага бичигдсэн. АНУ-ын Хүнс эмийн агентлагаас эдгээр нэмэлт сахрыг аюулгүй гэсэн ч хэрэглэгчдийг хэрэглээгээ хянахыг зөвлөдөг ба Орео брэндийн толгой компани үүнтэй мөн санал нийлсэн тухай онцолсон.
- Шүлтээр боловсруулсан какао нь хүчиллэг амт багатай, илүү бараан өнгөтэй байдаг
- Уг бүтээгдэхүүн нь ус ер нь ороогүй. Ус ашиглахгүй байх нь муудсан үед бичил биетний өсөлтөөс урьдчилан сэргийлдэг.
- Савлагаанд “Тус бүтээгдэхүүн биоинженерийн аргаар боловсруулсан хүнсний орц найрлага агуулсан” гэж тэмдэглэсэн байна. Биоинженерчлэл ургамлын ген эсвэл хромосомын хэсгүүдийг бусад ургамлын ген, хромосомоор солих юм. Жишээлбэл, хортон шавжид тэсвэртэй ургамлын генийг хуулбарлаж шар буурцагт хийлээ гэхэд шар буурцаг хортон шавжид тэсвэртэй болох магадлалтай юм. Эдгээр бүтээгдэхүүнийг АНУ-д худалдаанд гаргаж, хүнс болгон түгээхээс өмнө хэд хэдэн агентлагаас зөвшөөрөл авч, FDA-аас ерөнхийдөө аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.
Орео жигнэмгийн орц найрлагад дурдсан далдуу модны тосыг далдуу модны жимс, үрээс гаргаж авдаг ба дэлгүүрт зарагддаг пицца, гурил, шоколад зэрэг боловсруулсан хүнснээс гадна үнэр дарагч, шампунь, шүдний оо, уруулын будаг зэрэг бүтээгдэхүүнд ч өргөн ашиглагддаг. Хайлах температур өндөртэй учир лаанд мөн ашигладаг байна.
Халуун орны тос гэж нэрлэгддэг дал модны тос, дал модны үрийн тос, кокосны тос зэрэг нь ханасан өөх тос ихтэй. Ханасан өөх тос нь LDL холестерол болон триглицеридийн түвшнийг нэмэгдүүлдэг ба эдгээр нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.
Орео жигнэмэгт ашигладаг тос нь хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд өргөн ашигладаг түүхий эд юм. Харин шалгасан мэдээлэлд лааны тос ашигладаг хэмээн төөрөгдүүлжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Энэтхэгийн Fact Crescendo баримт шалгах төвөөс орео жигнэмэг шатааж буй ижил бичлэгийг шалгаж худал болохыг мэдээлсэн. Тодруулбал, тус баримт шалгалтад орео жигнэмгийг галаар өрдөхөд шатахгүй байгаа үзэгдлийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлажээ.
- Oreo жигнэмгийн бүтэц, дулаанд үзүүлэх хариу урвалыг тэдгээрийн найрлагатай холбон тайлбарлаж болно. Энгийн орео нь дараах зүйлийг агуулдаг:
- Элсэн чихэр (~40%): Дулааны нөлөөн дор карамельжиж, жигнэмгийг тусгаарладаг хамгаалалтын нүүрстөрөгчийн давхарга үүсгэдэг.
- Цайруулаагүй баяжуулсан гурил: Нягт бүтэцтэй болгож, агаарын урсгал болон шаталтыг хязгаарладаг.
- Дал модны тос/рапсын тос: Өөх тос нь шатахад илүү их хүчилтөрөгч шаарддаг ба бусад найрлагыг нэгдмэл болгон холбодог.
- Какао (шүлтээр боловсруулсан): Бараан өнгө нь нүүрсжилтийг далдалдаг (шатаж байсан ч нүдээр харахад шатаагүй мэт харагдаж, ялгагдахгүй), хуурай шинж чанар нь шатамхай чанарыг бууруулдаг.
- Өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп: Карамельжилтэд хувь нэмэр оруулж, холбогч бодис болдог.
- Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь богино хугацаанд өндөр халуунд өртөхөд шаталтыг тэсвэрлэх бага чийгшилтэй, өөх тосны хэмжээ өндөр, элсэн чихэр ихтэй хүнсний матриц үүсгэдэг байна. Мөн зарим ижил бүтэцтэй боловсруулсан зууш (snack) орео жигнэмэгтэй адил шаталтад тэсвэртэй байх юм.
Дүгнэлт
Орео жигнэмэгт хуванцар шиг химийн хольц ордоггүй. Шалгасан бичлэгт орео жигнэмэг шатахгүй байгаа нь тус бүтээгдэхүүн бага чийгшилтэй, нягт бүтэцтэй учир хүчилтөрөгч бага ба шатахад илүү их хүчилтөрөгч шаарддаг өөх тос агуулсан, элсэн чихрийн хэмжээ өндөр учир богино хугацаанд галд тэсвэртэй мэт харагдаж байна. Мөн бараан өнгийн гадаргуутай учир шатаж, түлэгдсэн ч шатаагүй мэт харагддаг байна.




