2025 оны арван нэгдүгээр сарын 25-нд Todmedee.mn нэртэй хуудаснаас “Хөвсгөлд ийм гоё өвлийн завьтай аялал нээгджээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг 1,100 гаруй реакц, 34 сэтгэгдлээр идэвхжүүлж, 131 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу зургаар хайх аргыг ашиглалаа. Үүний тулд Google Lens хэрэглүүр ашиглахад гадаад тайлбар бүхий бичлэгүүд илэрсэн. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 26-нд World Travel Magazine нэртэй хуудсанд тус бичлэгийг “БНХАУ-ын Жилин муж дахь Чанбай ууланд рафтинг (голын урсгал дагуу завиар аялдаг спортын төрөл) хийхэд бэлэн боллоо. Энэхүү үзэсгэлэнтэй газар бол Сунхуа мөрний эхэнд орших Тяньчи рафтинг юм” гэсэн тайлбартай байршуулжээ.
Уг мэдээллийн агуулгыг нягтлахын тулд “Жилин муж Чанбай уул” “Тяньчи рафтинг” “Өвлийн рафтинг” зэрэг түлхүүр үгээр хайхад тус ай сав газрыг харуулсан олон тооны зураг, бичлэг илэрлээ. Тэдгээр нь шалгасан мэдээлэлд буй дүрстэй ижилхэн байгаа юм. Тухайлбал, New China TV сувагт өвлийн аялал жуулчлал эхэлсэнтэй холбоотойгоор “Чанбай ууланд байрлах рафтинг аяллын үйлчилгээ”-г онцолжээ.
Мөн Хятадын Guangdong News мэдээллийн сайтад Жилин мужийн Чанбай уулын талаар нийтэлж, өвлийн рафтингийг дурдсан байна. Үүнээс харахад Todmedee.mn сайт нь гаднын улсын бичлэгийг Монголд болсон мэтээр тайлбарлаж, хуурамч мэдээлэл түгээжээ.
Дүгнээд хэлбэл, гаднын улсын бичлэгээр “Хөвсгөлд өвлийн завьтай аялал нээгджээ” гэх хуурамч мэдээлэл түгээжээ.




