2025 оны 12 дугаар сарын 04-нд Д.Баяраа (архивласан хувилбар) хаягаас “Нэгдсэн үндэсний байгууллагын 1962 онд гаргасан 1803-р тогтоол дээр баялгийн эзэн улс баялгийнхаа 50% хувиас дээш хувь авах ёстой гэжээ Оюутолгойн 51 хувиа авъя” гэх мэдээлэл түгээснийг нийт 245 реакц, 6 сэтгэгдлээр идэвхжүүлж, 102 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1962 оны 12 дугаар сарын 14-нд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн нэгдсэн хуралдаанаар 1803 (XVII) тогтоол болох “Байгалийн баялгийн байнгын бүрэн эрх“-ийг баталж, нийт найман заалт оруулсан. Тус тогтоолд улс орнууд байгалийн баялгаа хэрхэн хянаж, удирдах зарчмуудыг тогтоосон.



Ингэхдээ дараах үндсэн агуулгуудыг тусгажээ. Үүнд:
- “Байгалийн баялгаа эзэмших, ашиглах эрх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнийг ард түмний сайн сайхны төлөө ашиглах
- Хэрэв үндэсний болгох эсвэл хураах тохиолдолд үндэсний хууль тогтоомж, олон улсын хуулийн дагуу хэрэгжүүлэх
- Гадаадын хөрөнгө оруулагчтай чөлөөтэй байгуулсан гэрээг сайн санааны үндсэн дээр биелүүлэх
- Нөхөн төлбөрийн маргааныг эхлээд тухайн улсын үндэсний шүүхээр шийдвэрлэх боловч хэрэв хоёр тал тохиролцсон тохиолдолд арбитрын болон олон улсын шүүхээр шийдвэрлүүлж болох” гэх гол зүйлсийг тусгажээ.
1803 тогтоолын 8 заалтад “баялгийн эзэн улс баялгийнхаа 50-аас дээш хуувийг авах ёстой” гэх агуулгыг огт дурдаагүй. Харин нь гаднын хөрөнгө оруулагч болон тухайн улс хоорондоо чөлөөтэйгөөр хувь хэмжээгээ тохиролцож, орлогоо тохиролцсон хэмжээний дагуу хуваарилах гэсэн агуулга бүхий заалт бий.
- Тодруулбал, тус тогтоолын хоёрдугаар заалтад “Байгалийн баялгийн нөөцийг хайх, ашиглах, захиран зарцуулах, түүнчлэн эдгээр зорилгоор шаардлагатай гадаадын хөрөнгийг импортлохдоо тухайн үйл ажиллагааг, зөвшөөрөх, хязгаарлах, хориглох талаар ард түмэн, улс үндэстний чөлөөтэйгөөр зөвлөлдөж гаргасан зайлшгүй, эсвэл зохистой гэж үзсэн дүрэм нөхцлүүдэд нийцсэн байх ёстой” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл байгалийн баялгийн нөөцийг, хайх, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа нь тухайн улсын хууль, дүрэм журамд нийцсэн байх ёстой гэх агуулгыг онцолсон байна.
- Мөн тус тогтоолын гуравдугаар заалтад “Зөвшөөрөл олгосон тохиолдолд импортын хөрөнгө болон тухайн хөрөнгөөс олсон орлогыг тохиролцсон нөхцөл, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндэсний хууль тогтоомж, олон улсын хуулиар зохицуулна. Олсон ашгийг хөрөнгө оруулагчид болон хүлээн авагч улсын хооронд чөлөөтэй тохиролцсон хувь хэмжээгээр хуваарилах ёстой бөгөөд тухайн улсын байгалийн баялаг, нөөц баялгийн бүрэн эрхт байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулахын тулд зохих ёсоор анхаарал тавина” гэж тусгажээ. Энэ нь гаднын хөрөнгө оруулагч болон тухайн улс хоорондоо чөлөөтэйгөөр хувь хэмжээгээ тохиролцож, цаашлаад баялгийн ашиг орлогоо тохиролцсон хэмжээний дагуу хуваарилах ёстой гэсэн утгатай юм.
Дүгнэлт
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1962 онд гаргасан 1803 тогтоолд “баялгийн эзэн улс баялгийнхаа 50-ас дээш хувийг эзэмших ёстой” гэж оруулаагүй. Харин гадаадын хөрөнгө оруулагч болон улс үндэстэн хоорондоо чөлөөтэйгөөр хувь хэмжээгээ харилцан тохиролцож, ашиг орлогоо тохиролцсон хэмжээний дагуу хуваарилах ёстой гэж тусгасан байна.




