Search

“FDA баталгаажуулсан шүдний цоорлыг эмчлэх нунтаг оо” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1695

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Амны хөндийн өвчлөл, шүдний цоорлыг эмчлэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Энгийн шүдний нунтаг оог амны хөндийн зарим өвчнийг бүрэн эмчлэх мэтээр сурталчилж төөрөгдүүлжээ. Аливаа эрүүл мэндийн ач тустай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхээс өмнө мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 19-нд Healthy Tips нэртэй хуудаснаас шүд цайруулж, өвчин намдааж, цоорол эмчлэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийн тайлбарт “ODEIUN™ Шүдний Засварлах Минерал Портерыг танилцуулж байна… Шүдний өвдөлт хурдан намдаана. Шүдний цоорлыг өрөмдөхгүйгээр эрт үед нь эргүүлнэ. Шүдний пааланг байгалийн аргаар сэргээнэ, нано-гидроксилапатиттай. Хамрын гэмтэл, будгийг намдааж, амны муухай амтыг арилгана. Шүдийг зөөлнөөр цайруулна — пероксидгүй, мэдрэмтгий байдалгүй… таны байгалийн шүдний паалангийн эрдэс бодисуудыг дуурайж, микро ан цоорлуудыг дүүргэж, шүдийг дотроос нь бэхжүүлнэ” хэмээн онцолжээ. Бичлэгийг дахин идэвхжүүлж жнийт 1,100 гаруй реакц, 1,600 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 610 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lensхайлтын системээр хайхад хэд хэдэн онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Amazon, Walmart, AliExpress, eBay зэрэг худалдааны сайтад өөр өөр брэндийн нэртэй худалдаалагдаж байна. Тухайлбал, Amazon худалдааны сайтад Odalit, Walmart худалдааны сайтад Voke, AliExpress худалдааны сайтад Oralhoe гэх нэртэй зарагдаж байна.

Эдгээр худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний тухай мэдээлэлд “шүд цагааруулж, буйл хамгаалах, амны үнэрийг арилгах, буйлны эрүүл мэндийг сэргээх үйлчилгээтэй” хэмээн мэдээлжээ. Харин шалгасан мэдээлэлд шүдний цоорол, амны үрэвслийг эдгээж өвчин намдаана гэж хэтрүүлэн сурталчилжээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Africa Check баримт шалгах төвөөс амны хөндийн асуудлыг эмчлэх нунтаг бүтээгдэхүүнийг тухай мэдээллийг шалгаж худал хэмээн тайлагнажээ.

Мөн Шинэ Зеландын шүдний эмч нарын холбооноос хуурамч сурталчилгаа бүхий шүдний бүтээгдэхүүний тухай анхааруулсан мэдэгдэлд шалгасан бүтээгдэхүүний зургийг хавсаргажээ. Тодруулбал, тус бүтээгдэхүүнийг “Шинэ Зеландын шүдний эмч нарын холбооноос баталсан” хэмээн худал сурталчилгаа хийж, зөвшөөрөлгүй лого байршуулж, худалдаалж буй тухай мэдэгдэлдээ тусгажээ. Шинэ Зеландын шүдний холбооноос тус бүтээгдэхүүнийг ямар нэг байдлаар дэмжээгүй гэдгээ мэдэгдсэн ба амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай мэдээллийг мэргэшсэн эмчээс лавлаж, зөвлөгөө авахыг сануулжээ.

 Шалгасан мэдээлэлд шүдний өвдөлт, цоорлыг эмчлэхийн тулд эмч хэрэггүй гэж дурдсан. Шүдний цоорлыг эрт эмчлэхгүй бол томорч, шүд өвдөх, халдвар авах, цаашлаад шүд унах эрсдэлтэй. Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайтад шүдний цоорол, шүдний өвчлөлийг гэрээр эмчлэх боломжгүй бөгөөд эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөсөн байна.

Хаяг шалгах

Healthy Tips хуудас нь 2023 оны 09 дүгээр сарын 05-нд Trail Mixed Nuts нэртэй нээгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 21-нд нэрээ сольжээ. Уг хуудас нь нийт 648 дагагчтай ба пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас 10 админ удирдаж буйг доорх зурагт харууллаа. Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний сайт нь нэг хуудас бүхий хуурамч сайтын линк хавсаргажээ.

Healthy Tips хуудас нь төрөл бүрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлдэг ч холбогдох дугаар, байршил, албан ёсны сайт зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Мөн 2023 онд нийтэлсэн бичлэгийн тайлбарууд бүгд англи хэлээр бичигджээ.

Дүгнэлт

Гадаадаас удирддаг пэйжээс энгийн шүдний нунтаг оог амны хөндийн зарим өвчнийг бүрэн эмчлэх мэтээр сурталчилж төөрөгдүүлжээ. Аливаа эрүүл мэндийн ач тустай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхээс өмнө мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Амны хөндийн өвчлөл, шүдний цоорлыг эмчлэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document