Search

“Орос-Монголын хамтарсан компанид хөрөнгө оруулж, баялгаас хувь хүртэх боломжтой” гэх хуурамч мэдээллээр залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1694

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Орон инвест”-д нэгд- Улсын баялагаас хувь хүртэх боломжийг ашиглаарай” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сэтгүүлч Э.Лхагва болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зургийг ашиглан “хөрөнгө оруулалт хийж, баялгаас хувь хүртэх боломжтой” гэх залилангийн мэдээлэлд ашигласан бичлэг, вэбсайт нь хуурамч байна. МҮОНРТ-ийн цахим хуудсыг дуурайлган хийж, хувийн мэдээлэл цуглуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)


2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр LocalPulse (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook пэйж “Орон инвест”-д нэгд- Улсын баялагаас хувь хүртэх боломжийг ашиглаарай” гэх агуулгатай бичлэг түгээсэн нь 682 реакц, 96 сэтгэгдэл авч, 1 удаа цааш түгээгджээ.

Шалгасан 57 секундын бичлэгт “Сүүлийн дөрвөн жилийн турш алт, уран, ховор металлын олборлолтоос олсон тэрбум төгрөгүүд цөөн тооны эрх мэдэлтэн, олигархуудын халаас руу урсаж байв. Энгийн Монгол иргэд өөрсдийн баялгаас хүртэх эрхээ хасуулсан. Өнөөдөр би орон инвест нэртэй платформын үнэн төрхийг илчилж байна. Энэ систем анх ард түмний сайн сайхны төлөө бий болсон ч олон жилийн турш хаалтай байв. Одоо бол хэн ч 850,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар үндэсний баялгаас хувь хүртэх боломжтой. Энэ бол зүгээр нэг хөрөнгө оруулалт биш, шударга ёсны асуудал юм. Бид ард түмэндээ харьяалагдах баялгийг буцаан өгөх ёстой. Хэрвээ бид дахин баялгийн нууц хувьчлалыг хүлээн зөвшөөрвөл буруутан нь бид өөрсдөө болно” гэжээ.

Бичлэгийг шалгах нь

Шалгасан бичлэг дээрх дүрсийг InVID хэрэглүүр ашиглан салгаж, Google Lens-ээр хайлт хийсэн. Хайлтын үр дүнд 2017 оны хоёрдугаар сарын 17-нд TEDx Talks Youtube сувагт нийтлэгдсэн Лхагва-Эрдэнэ гэх хүний “Сэтгүүл зүй Монголыг хэрхэн аврах вэ” сэдвээр ярьсан илтгэлийн хэсгийг тасдан авч хоолой уншиж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.

Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудсыг яг адилхан дуурайлгаж хийжээ

Түүнчлэн шалгасан бичлэгт дарж орох холбоос dyqysoy.pro гэх хаягийг холбожээ. Тус холбоос руу ороход Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудсыг дуурайлган хийсэн байна.

Хуурамч хаягийг таних хамгийн найдвартай арга бол хаягийн холбоосыг шалгах юм. Хуурамч хаягийн холбоос ихэвчлэн ямар ч утга агуулаагүй тоо болон үсгүүдээс бүрдсэн байдаг.

Харин Монголын Үндэсний Олон Нийтийн албан ёсны цахим хуудасны холбоос mnb.mn байна.

Бид уг вэбсайтыг дараах олон нийтэд нээлттэй байдаг хэрэглүүрүүдээр шалгаж үзлээ

Urlvoid хэрэглүүрт 2025 оны 11 дүгээр сарын 19-нд нээгдсэн шинэ вэбсайт гэж тэмдэглэжээ. Мөн Domain шалгадаг хамгийн түгээмэл вэбсайт болох Who.Is дээр эзэмшигчийн мэдээллийг төлбөр төлж харагдуулахгүй болгожээ.

Мөн ерөнхийлөгч асан Х.Баттулгын зургийг ашиглан хүмүүст найдвартай мэт сэтгэгдэл төрүүлж, хувийн мэдээлэл цуглуулж байна.

Дүгнээд хэлбэл, шалгасан бичлэгт холбосон вэбсайт нь хүмүүст итгэл үнэмшиил төрүүлэх зоилготойгоор Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудсыг дуурайлган хийж, хувийн мэдээлэл цуглуулан, мөн 850,000 төгрөгийн хөрөнгө оруулалт нэрийдлээр иргэдийг залилж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Орон инвест”-д нэгд- Улсын баялагаас хувь хүртэх боломжийг ашиглаарай” гэх агуулгатай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document