2025 оны 10 дугаар сарын 03-нд NovaPoint нэртэй хуудаснаас ууж хэрэглэдэг тураах дусаалга сурталчилсан 30 минутын урттай бичлэг нийтэлжээ. Бичлэгийн тайлбар хэсэгт “Тарилгагүй, хэт ачаалалтай дасгалгүй — зөвхөн TLOPA® GLP-1 дусал таны илүү тэнцвэртэй амьдралын хэв маягт!.. Хэт хатуу хоолны дэглэм эсвэл хүнд дасгал шаардлагагүй. Хоолны дуршлыг хянах, эрүүл бус хүнсний хүсэл багасгах, тэнцвэртэй жинг хадгалахад тусална. Цусан дахь сахрын түвшнийг тэнцвэржүүлэх: Эрүүл түвшнийг хадгалахад дэмжлэг үзүүлнэ, хооллолтдоо анхаарал тавьдаг хүмүүст тохиромжтой… Жингийн хяналт, биеийн бүтцээс гадна арьсыг чангалж, залуу, эрч хүчтэй харагдахад дэмжлэг болно. Байгалийн найрлага: Манай томьёо нь өндөр чанартай ургамлын гаралтай найрлагад тулгуурласан, хиймэл нэмэлтгүй — байгалийн эрүүл мэндийн шийдэл хайж буй хүмүүст тохиромжтой ” гэх агуулгыг дурджээ. Тус бичлэгийг нийт 574 реакц, 333 сэтгэгдлээр идэвхжүүлж, 271 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний шошгод GLP-1 хэмээн тэмдэглэжээ. GLP-1 буюу Глюкагон төст пептид-1 нь нарийн гэдэснээс ялгардаг даавар бөгөөд цусан дахь сахрын хэмжээ, хоолны зуршлыг зохицуулахад тусалдаг байна. Тус дааварт суурилсан эмийн бүлгийг мөн GLP-1 гэж нэрлэдэг ба 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед эсвэл таргалалтын эмчилгээнд эмчийн зааврын дагуу хэрэглэдэг. Тус эмийг ихэвчлэн тарилга хэлбэрээр ашигладаг ч жорын дагуу ууж хэрэглэх таблет хэлбэрээр мөн байдаг. Харин шалгасан мэдээлэлд дурдсан шиг шингэн хэлбэрээр ууж ашигладаггүй байна.
2025 оны 09 дүгээр сарын 25-нд Австралийн Эрүүл мэндийн яамнаас бүртгэлтгүй GLP-1 бүтээгдэхүүний тухай анхааруулга мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд, “Эдгээр бүтээгдэхүүн нь ихэвчлэн ууж хэрэглэх шингэн, дусаалга хэлбэрийн GLP-1 гэж сурталчилдаг бөгөөд “олон улсын зөвшөөрөлтэй” гэх хуурамч шошго хэрэглэж, хэрэглэгчдийг санаатайгаар хуурах зорилгоор төөрөгдүүлсэн тэмдэг ашигладаг” хэмээн анхааруулжээ. Мөн GLP-1 эмийг 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэх зарим тохиолдолд эмчийн хяналт дор жин хасах зорилгоор ашигладаг, жороор олгодог эм гэдгийг онцолжээ.
The Guardian мэдээллийн сайтаас шалгасан бүтээгдэхүүнтэй ижил ууж хэрэглэдэг шингэн GLP-1 бүтээгдэхүүний тухай сурвалжилж, мэдээлсэн байна. Тодруулбал, Австралид жин хасах бэлдмэл гэж сурталчилж буй тус бүтээгдэхүүнийг тус улсын Шинэ өмнөд Уэльсийн их сургуулийн (UNSW) химийн сургуульд шинжлүүлэхэд дээжид GLP-1 эсвэл бусад эмийн молекулууд байхгүй, зүгээр давстай ус байсан тухай тус сургуулийн судлаач доктор Жэйк Виоли мэдээлжээ.
АНУ-ын Хүнс эмийн агентлагаас 2025 оны 09 дүгээр сарын 25-нд баталгаагүй GLP-1 эмийн бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд хэрэглэгчид бүтээгдэхүүний шошго, боодлыг сайтар нягталж, эмчлэх эрхтэй эмчийн жорын дагуу зөвшөөрөлтэй эмийн сангаас худалдан авалт хийхийг сануулжээ.
Америкийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ буюу PBS телевизийн мэдээллийн хөтөлбөрийн Youtube хуудаст GLP-1 гэж тэмдэглэсэн бүтээгдэхүүний тухай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт GLP-1 гэж тэмдэглэсэн бүтээгдэхүүнийн тухай дараах агуулгыг онцолсон байна. Үүнд:
- GLP-1 эм болон GLP-1 гэж шошго хэрэглэсэн бүтээгдэхүүн хоорондоо ялгаатай.
- GLP-1 гэж тэмдэглэсэн бүтээгдэхүүний орц найрлага дахь GLP-1-ийн хэмжээ тодорхойгүй байдаг. Мөн нэмэлт бүтээгдэхүүн жороор олгодог эмнээс үр дүн бага.
- Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй биш. Хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн Хүнс эмийн агентлагаас зөвшөөрөл авах шаардлагагүй учир хүний биед аюулгүй эсэхийг батлах шаардлагагүй байдаг. Иймд хүний биед аюултай орц найрлага агуулсан байх магадлалтай.
- Жин хасах бэлдмэл, бүтээгдэхүүн худалдаж авахдаа хөндлөнгийн байгууллагаар шалгасан, баталгаат бүтээгдэхүүн худалдаж аваарай” хэмээн зөвлөсөн байна.
Хаяг шалгах

NovaPoint хуудас нь нийт 419 дагагчтай ба анх 2024 оны 10 дугаар сарын 05-нд Beirou нэртэй нээгдэж, 2025 оны 08 дугаар сарын 21-нд нэрээ сольжээ. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас 6 админ удирдаж байна. Мөн тус хуудаст холбогдох дугаар, хаяг байршил зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй ба шалгасан мэдээлэлд нэг хуудас бүхий хуурамч сайтын линк хавсаргажээ.
Үүнээс харахад гадаадаас удирддаг пэйжээр баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүн сурталчилж, залилж байна.
Дүгнэлт
GLP-1 эмийг ихэвчлэн тарилга хэлбэрээр хэрэглэдэг ба эмчийн заавар, жорын дагуу 2-р хэлбэрийн чихрийн шижин, таргалалт өвчний үед хэрэглэдэг. Харин шалгасан мэдээлэлд сурталчилсан GLP-1 гэж тэмдэглэсэн нэмэлт бүтээгдэхүүн нь баталгаагүй хуурамч бүтээгдэхүүн юм.




