Search

“Вирусийн гаралгүй томуу” гэж байхгүй, influenza вирусээр үүсдэг амьсгалын замын халдварт өвчнийг томуу гэдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1692

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Томуу хоёр янз байгаа. Вирусийн гаралтай, вирусийн гаралгүй. Вирусийн гаралгүй бол ерөөсөө эмчилгээ бичих шаардлага байхгүй” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Томуу нь инфлюэнца (influenza) вирусээс үүсдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Үүнээс хамгаалах аюулгүй арга нь вакцин гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд баталдаг байна. Нэг үгээр хэлбэл “вирусийн гаралгүй томуу” гэж байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны арван хоёрдугаар сарын 1-нд Хүчит Ганбилэг нэртэй хаягаас “Аллагаа зогсоо. Ковидын мутацлагдсан вирусийг дэлхий даяар лонг-ковид гэж хүлээн зөвшөөрч буй. Вакцины үр дагаврыг нуулгүй ярих ёстой” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Тухайн бичлэгт И. Цэрэнхүү “Томуу чинь хоёр янз байгаа ш дээ. Вирусийн гаралтай, вирусийн гаралгүй. Вирусийн гаралгүй бол ерөөсөө эмчилгээ бичих шаардлага байхгүй” гэж ярьжээ. Уг бичлэг 468 реакц, 17 сэтгэгдэл авч, 210 удаа цааш түгээгдсэн байна.

Томуу нь инфлюэнца (influenza) вирусээс үүсдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Эл халдвар нь өвлийн саруудад хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд богино хугацаанд олон хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй. Тиймээс “вирусийн гаралгүй томуу” гэж байхгүй. Дэлгэрүүлбэл,

Европын өвчнөөс сэргийлэх, хяналтын төвийн мэдээлснээр томуу нь A, B, C, D гэсэн төрөлтэй бөгөөд тухайн хүний дархлаа, биеийн байдлаас хамааран өөр өөр хэлбэрээр тусдаг байна. Уг өвчний эмчилгээ нь шинж тэмдгийг намдааж, хүндрэхээс сэргийлэхэд чиглэдэг. Дархлаа дэмжих арга хэмжээ аваагүй тохиолдолд өвчний хэлбэр даамжирч амь насанд хүрэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга нь вакцинд хамрагдах явдал гэдгийг сануулжээ.

Мөн ДЭМБ-ын албан ёсны сайтад “Биеийн ерөнхий дархлааг дэмжих замаар хөнгөн хэлбэрийн томууг дарах боломжтой. Гэвч дархлаа бүрэн суугаагүй хүүхэд, өндөр настан зэрэг эрсдэлт бүлэгт томуугийн шинж тэмдэг хурдан хүндрэх магадлалтай байдаг. Энэ тохиолдолд эмчид хандаж, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хариу арга хэмжээ авахгүй удах нь амь насанд аюултай юм. Иймд урьдчилсан сэргийлэлт чухал. Томуунаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт” гэж тайлбарласан байна.

Сануулахад, томуугийн A, B төрлүүд нь илүү хүнд шинж тэмдэгтэй байдаг бөгөөд улирлын өвчлөл үүсгэдэг байна. Мөн гахай, шувууны томуу нь Influenza A вирусийн дэд хэв шинжүүд аж.

Эдгээр баримтуудаас үзэхэд, томуу нь богино хугацаанд олон хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй, вирусийн гаралтай халдварт өвчин юм. Үүнээс хамгаалах аюулгүй арга нь вакцин гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд баталдаг байна. Иймд томуугийн эрсдэлтэй бүлгийг хамгаалж, нийтээрээ эрүүл байхын тулд дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй.

Шалгасан мэдээлэлд буй өөр нэг төөрөгдүүлсэн агуулга нь “лонг-ковид” гэх ойлголт юм. Уг нэршил нь ковидын мутацлагдсан вирусийн төрөл бус халдварын шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх үзэгдлийг тодорхойлдог байна. Үүнийг эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Удаан хугацааны (лонг-ковид) ковид гэдэг нь халдварын анхны шинж тэмдэг намжсаны дараа зарим төрөл нь гурван буюу түүнээс дээш сарын хугацаанд ажиглагдсан хэвээр байх нөхцөл юм” гэж тайлбарлажээ. Тэгэхээр “лонг-ковид” гэх тодорхойлолт нь халдварын хэв шинж намжмал байдалтай үргэлжилсээр байх тодорхой хугацааны үзэгдлийг нэрлэдэг байх нь.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Томуу хоёр янз байгаа. Вирусийн гаралтай, вирусийн гаралгүй. Вирусийн гаралгүй бол ерөөсөө эмчилгээ бичих шаардлага байхгүй” гэсэн мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document