2025 оны 11 дүгээр сарын 25-нд Жүрмэд Занаа хаягаас “Маск хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг…” гэсэн агуулгатай пост (архивлагдсан хувилбар) нийтлэсэн нь 167 реакц, 31 сэтгэгдэл авч, 71 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 19-нд гаргасан “Коронавирусын өвчин (COVID-19)-ийн талаар олон нийтэд өгөх зөвлөгөө: Худал мэдээллүүд” мэдээлэлд “Маск зөв зүүх нь хүчилтөрөгчийн дутагдалд, нүүрстөрөгчийн хордлогод оруулдаггүй” хэмээн мэдээлсэн. Мөн тус байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 10-нд буюу Ковид-19 халдварын дэлхийн хэмжээнд өргөн хэмжээнд тархаж байх үеэр албан ёсны Facebook хуудастаа “маск зүүх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг” гэх мэдээллийг худал хэмээн мэдэгдсэн.
Мөн АНУ дахь Мэйо Клиникээс гаргасан Ковид-19 халдварын үед маск зүүх ач холбогдлын тухай мэдээлэлд “…Маск зүүснээр авах хүчилтөрөгч болон гаргаж буй нүүрстөрөгчийн хэмжээ өөрчлөгддөггүй.” хэмээн тусгажээ.
2021 онд нийтлэгдсэн “Амрах болон биеийн тамирын дасгалын үед амны хаалт зүүх нь хүчилтөрөгчөөр хангах, агааржуулахад үзүүлэх нөлөө” судалгаагаар даавуун болон мэс заслын маск зүүх нь авах хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаггүй болохыг харуулсан.
Калифорнийн их сургуулийн Сан Диегогийн Эрүүл Мэндийн их сургуулийн албан ёсны Youtube сувагт маск зүүх нь авах хүчилтөрөгчийн бууруулдаггүй болохыг харуулсан туршилтын бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, нүүрстөрөгчийн хордлогод оруулдаг” гэх мэдээлэл худал болохыг онцолсон. Тэрээр бичлэгт дөрвөн давхар маск зүүхэд хүчилтөрөгчийн хэмжээ 98 байсан бол долоон давхар болгоход 97 болсон байна. Өөрөөр хэлбэл, маск зүүх нь авах хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаггүй байна.
“Маск бол амьсгалын замын халдварын эсрэг үндсэн хамгаалалт” гэж ДЭМБ-ын зөвлөмжид тусгасан. Тус зөвлөмжид маск зүүхдээ анхаарах дараах алхмуудыг дурджээ.
- “Маск зүүхээс өмнө болог дараа гараа цэвэрлэж, ариутгах
- Ам, хамар, эрүүг дарж маск зүүх
- Маскаа авсны дараа цэвэр хогны уутанд хадгалах, даавуун маскыг өдөр тутамд угааж цэвэрлэх
- Хавхлагатай маск хэрэглэхгүй байх” хэмээн зөвлөсөн.
Дүгнээд хэлбэл маск зүүх нь эрүүл мэндийн сөрөг нөлөө учруулах буюу хүчилтөрөгчийн дутагдалд оруулах эрсдэлгүй харин амьсгалын замын халдварт өвчний эсрэг хамгаалахад хэрэглэгдэх “үндсэн хамгаалалт” болохыг мэргэжлийн байгууллагууд тэмдэглэсэн байна.




