Search

“Чихрийн шижинг эдгээх бүтээгдэхүүн” гэх хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1689

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Энэ сард чихрийн шижинтэй 200 гаруй хүн эдгэрч, ердөө нэг курс эмчилгээ хийлгэсний дараа чихрийн шижин өвчнөөсөө салж байсан” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Одоогоор чихрийн шижинг бүрмөсөн эмчлэх эмчилгээ байхгүй. Зөвхөн цусан дахь сахрыг хэвийн түвшинд байлгах тусгай аргуудаар шинж тэмдгийг бууруулж, хүндрэхээс сэргийлэх боломжтой.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 31-нд Dr. BarryRose нэртэй хуудаснаас “Энэ сард чихрийн шижинтэй 200 гаруй хүн эдгэрч, ердөө нэг курс эмчилгээ хийлгэсний дараа чихрийн шижин өвчнөөсөө салж байсан” гэсэн тайлбартайгаар Satochi гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан пост түгээжээ. Тус постыг 613 реакц, 749 сэтгэгдлээр идэвхжүүлж, 833 удаа цааш түгээжээ.

Бид өмнө нь “Чихрийн шижинг анагаах Саточи (Satochi)” гэх мэдээллийг баримтаар шалгаж, баталгаагүй бүтээгдэхүүн гэдгийг нотолсон. Тухайлбал, Саточи гэх бүтээгдэхүүнийг Японд үйлдвэрлэсэн гэж сурталчилсныг Японы Эм болон эмнэлгийн төхөөрөмжийн агентлагийн бүртгэлтэй эм, эмийн бүтээгдэхүүний жагсаалтаас хайхад илэрц гарч ирээгүй. Энэ нь уг бүтээгдэхүүн нь Японд үйлдвэрлэгдээгүй эсхүл албан ёсоор зөвшөөрөгдөөгүй гэсэн үг юм.

Уг мэдээллийг түгээж буй хаягийн ил тод байдлыг шалгахад 2025 оны есдүгээр сарын 15-нд Dr. BarryRose- Dr. Барри Роуз нэртэйгээр нээгдсэн, Вьетнам улсаас админ удирддаг хуудас байна. Түүнчлэн зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг л уриалдаг аж.

Гэвч хамгийн анхаарууштай нь шалгасан мэдээлэлд буй “нэг сарын дотор чихрийн шижинтэй 200 гаруй хүн эдгэсэн” гэх агуулга юм. Учир нь өнөөг хүртэл шинжлэх ухаан чихрийн шижинг бүрэн эмчлэх аргыг тогтоогоогүй байна. Энэ талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагууд албан ёсоор мэдээлж байсан. Жишээ нь, Их Британийн Чихрийн шижин судлалын хүрээлэнгээс “Одоогоор чихрийн шижинг бүрмөсөн эмчлэх эмчилгээ байхгүй. Гэхдээ шийдэл олохоор тасралтгүй судалгаа хийж байгаа” гэж мэдэгдсэн.

Чихрийн шижин нь нойр булчирхайн инсулин /цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг даавар/ үйлдвэрлэл алдагдсан үед үүсдэг өвчин бөгөөд өөр өөр төрөлтэй байдаг. Эдгээрийг бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй ч шинж тэмдгийг бууруулах, хүндрэхээс сэргийлэх алхмууд бий. Үүнд, эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, зориулалтын тариа, эм зэрэг багтдаг байна. Үүнээс чихрийн шижинг нэг сарын дотор бүрэн эмчлэх боломжгүй гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлгүй, хуурамч мэдээлэл түгээжээ.

Дүгнээд хэлэхэд, одоогоор чихрийн шижинг бүрмөсөн эмчлэх эмчилгээ байхгүй. Зөвхөн цусан дахь сахрыг хэвийн түвшинд байлгахад туслах аргуудаар шинж тэмдгийг бууруулж, хүндрэхээс сэргийлэх боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Энэ сард чихрийн шижинтэй 200 гаруй хүн эдгэрч, ердөө нэг курс эмчилгээ хийлгэсний дараа чихрийн шижин өвчнөөсөө салж байсан” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document