Search

“Жирэмсэн эмэгтэйчүүд өндөг тогтмол идвэл хүүхэд нь илүү сайн ой санамжтай болно” гэх мэдээлэл судалгаагаар баталгаажаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1688

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жирэмсэн эмэгтэйчүүд өндөг тогтмол идвэл хүүхэд нь илүү сайн ой санамжтай, суралцах чадвар хурдан, тархины хөгжил сайнтай байна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Өндөг нь шим тэжээлээр баялаг тул хүүхдийн тархины хөгжилд эергээр нөлөөлдөг гэдгийг олон төрлийн судалгаагаар дэмждэг ч “ой санамж сайтай, суралцах чадвар хурдан хүүхэд төрнө” гэдгийг нярайн судалгаагаар баталсан клиник туршилт байхгүй. Түүнчлэн зарим төрлийн судалгаагаар жирэмсэн үедээ их хэмжээний өндөг идэх нь хэт том нярай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны арван нэгдүгээр сарын 25-нд Залуу эмч нар ОАК нэртэй хуудаснаас “Жирэмсэн үедээ өндөг тогтмол иддэг эмэгтэйчүүд амьдралынхаа эхний жилд илүү хүчтэй ой санамжтай, хурдан суралцах чадвартай, тархины эрүүл хөгжилтэй хүүхэд төрүүлж болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Өндөг нь холин, уураг, эрүүл өөх тос зэрэг шим тэжээлээр баялаг бөгөөд эдгээр нь бүгд тархины өсөлт, танин мэдэхүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судлаачид жирэмсэн эмэгтэйчүүдийн хоолны дэглэмийг хянаж, нялх хүүхдийнх нь эхний 12 сарын хугацаанд танин мэдэхүйн хөгжлийг үнэлсэн. Өндөг тогтмол иддэг эхчүүдээс төрсөн нярай хүүхдүүдийн ой санамж сайжирч, асуудлыг хурдан шийдвэрлэх чадвар сайжирч, эх нь өндөг бага иддэг эсвэл огт иддэггүй хүүхдүүдтэй харьцуулахад анхаарал төвлөрөл сайжирсан байна. Эдгээр үр дүнгээс харахад эхийн хоол тэжээл нь тархины эрт үеийн хөгжилд шууд бөгөөд удаан хугацаанд нөлөөлдөг болохыг харуулж байна. Холин нь ялангуяа суралцах, ой санамжид оролцдог тархины бүтцийг бий болгоход чухал үүрэгтэй. Жирэмсний үед хангалттай хэмжээгээр хэрэглэх нь нярайн үед танин мэдэхүйн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг мэдрэлийн замын хөгжлийг дэмждэг. Энэхүү судалгаа нь жирэмсний үед шим тэжээлээр баялаг хоолны дэглэмийн ач холбогдлыг онцолж байна. Хоолонд өндөг оруулах гэх мэт энгийн сонголтууд нь хүүхдийн тархины эрүүл мэнд, суралцах чадварт удаан хугацаанд ашиг тустай байж болно” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 2600 гаруй реакц, 82 сэтгэгдэл авч, 678 удаа цааш түгээгджээ.

  • Жирэмсэн эмэгтэйчүүд өндөг тогтмол идвэл хүүхэд нь илүү сайн ой санамжтай, суралцах чадвар хурдан, тархины хөгжил сайнтай болно” гэдэг нь бүрэн батлагдаагүй, хэтрүүлэгтэй мэдээлэл байна.

Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу агуулгыг нягтлах аргыг ашиглалаа. Энэ хүрээнд тус мэдээлэлтэй холбогдох агуулгыг олон улсын судалгааны сангуудаас түлхүүр үгээр шүүж, ажиллав.

Өндөг нь уураг, тосны хүчил, холин (choline) гэх мэт тархины үйл ажиллагаанд тустай шим тэжээл агуулдаг тул жирэмсэн эхчүүд хэрэглэхэд зохимжтойг олон төрлийн судалгаагаар зөвлөжээ. Гэвч өндөг тогтмол хэрэглэсэн жирэмсэн эхчүүдийн хооллолтыг хянаж, хүүхдийн эхний 12 сарын танин мэдэхүйн үнэлгээгээр тархины хөгжийг нь тодорхойлсон нарийн судалгаа илэрсэнгүй.

Өндөгний шим тэжээлийг шинжилсэн судалгааны материалаас дурдъя.

  • 2023 онд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн судалгааны санд нийтлэгдсэн “Жирэмсэн үед өндөг, холин, лютеин, зеаксантин, омега-3 тосны хүчил хэрэглэх нь ургийн тархи, мэдрэлийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай” судалгаанд 202 эмэгтэйг хамруулж, шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ ургийн мэдрэлийн хөгжлийг 32, 36 долоо хоногт биомагнетометрээр хэмжжээ. Уг хэмжилтийн үр дүнд өндөг, түүнд агуулагдах шим тэжээлийн хэрэглээ өндөр байх нь тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх хандлагатай гэж таамагласан байна. Иймд судлаачдын зүгээс “Өндөг болон түүнд агуулагдах шим тэжээлүүд нь ургийн мэдрэлийн хөгжлийг дэмжихэд нөлөөтэй” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, өндөг их иддэг эхчүүдийн ураг төрөхийн өмнөх шинжилгээгээр илүү хөгжилтэй байх хандлагатай байв. Гэвч уг судалгаанд шинжилсэн шим тэжээлүүд нь өндөгнөөс гадна олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг (далайн бүтээгдэхүүн, ногоон навчит хүнс) тул судалгаагаа өргөжүүлэх шаардлагатай гэдгийг дурджээ. Мөн хоол хүнснээс гадна эхийн биеийн үзүүлэлтүүдийг хамтад нь судалж, нарийвчлах нь илүү бодит үр дүнг үзүүлнэ гэжээ.

Үүнээс гадна,

  • 2024 онд PubMed нийтлэгдсэн “Жирэмсний эхэн үеийн холестерин болон өндөгний хэрэглээ нь хүүхэд хэвийн хэмжээнээс том төрөхтэй холбоотой эсэх” судалгаанд 7 хоногт долоогоос дээш өндөг иддэг эхчүүдийн хүүхэд хэт том төрөх эрсдэл 1.3–1.45 дахин их байжээ. Тус судалгаанд 4,146 эх, хүүхдийг хамруулсан бөгөөд тусгай судалгааны аргыг боловсруулж, ажилласан байна. Нийт эхчүүдийн өдөрт авах дундаж холестерины хэмжээ 671.06 мг байсан бөгөөд дийлэнх эх үүсвэр нь өндөг байв. Энэ нь хүүхдийн төрөх жинг нэмэгдүүлж, хэвийн хэмжээнээс том нярай төрөх эрсдэлийг өсгөсөн нь ажиглагджээ. Иймээс судлаачдын зүгээс жирэмсэн эмэгтэйчүүд холестерины зохистой түвшнийг баримтлах шаардлагатайг онцолж, хэт их хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг сануулжээ.

Үүнээс өндөг нь тархинд тустай шим тэжээлээр баялаг нь үнэн боловч дангаараа хүүхдийн ой санамж, суралцах чадварыг сайжруулдаг эсэх нь бүрэн батлагдаагүй гэдгийг харж болохоор байна. Эсрэгээрээ хэт их хэрэглээнээс үүдсэн сөрөг нөлөө ажиглагдах эрсдэлтэй байх нь ээ. Иймд хэт туйлширч нэг талыг барихгүй байх нь чухал юм.

Эдгээр баримтуудаас дүгнээд үзэхэд, өндөг нь шим тэжээлээр баялаг тул хүүхдийн тархины хөгжилд эергээр нөлөөлдөг гэдгийг олон төрлийн судалгаагаар дэмждэг ч “ой санамж сайтай, суралцах чадвар хурдан хүүхэд төрнө” гэдгийг нярайн судалгаагаар баталсан клиник туршилт байхгүй. Түүнчлэн зарим төрлийн судалгаагаар жирэмсэн үедээ их хэмжээний өндөг идэх нь хэт том нярай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулжээ. Иймээс хэт нэг талыг барьсан мэдээлэлд хянуур хандаж сурах хэрэгтэй. Мөн жирэмсэн үедээ хоол хүнсээ тохируулж хэрэглэх нь чухал аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Жирэмсэн эмэгтэйчүүд өндөг тогтмол идвэл хүүхэд нь илүү сайн ой санамжтай, суралцах чадвар хурдан, тархины хөгжил сайнтай байна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээсэн байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document