Search

Вьетнамаас удирдлагатай пэйжүүдээс хуурамч сайт ашиглан залилангийн шинжтэй пост түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1687

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хямдарсан бараа сурталчилж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнамаас удирдлагатай пэйжүүдээр хуурамч сайт ашиглан хямд үнэтэй, хямдралтай бараа худалдаалж буй мэтээр залилангийн шинжтэй пост түгээж байна


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 28-нд Mongolian Luxury Style– Загварын Дэлгүүр нэртэй хуудаснаас байгалийн эрдэнийн чулуу бүхий бугуйвч сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 215 реакц, 119 сэтгэгдлээр идэвхжүүлж, 37 удаа цааш түгээжээ. Мөн Madem Luxury Mongolia хуудаснаас сарнайн хээтэй алтан бөгжний бичлэг, Улаанбаатар Төв агуулах нэртэй хуудаснаас дээд зэргийн материалаар хийгдсэн нүдний шилний сурталчилгаа бүхий бичлэг нийтэлжээ.

Сүүлийн үед гаднын улсаас удирддаг пэйжүүдээс олон төрлийн бүтээгдэхүүн хямд үнээр худалдаалж буй мэт бичлэг, пост нийтлэхдээ хуурамч сайт хавсарган түгээж байна. Иймд залилангийн шинжтэй мэдээллийг таних, шалгах аргыг хүргэж байна.

Хаяг шалгах

Аливаа мэдээллийг шалгахдаа хамгийн түрүүнд хаягийн ерөнхий мэдээллийг шалгаж байгаарай. Mongolian Luxury Style- Загварын Дэлгүүр, Madem Luxury Mongolia, Улаанбаатар Төв агуулах хуудасны ил тод байдлыг шалгахад бүгд Вьетнам улсаас удирддаг байна.

Мөн пэйжийн ерөнхий мэдээллийг шалгахад холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэл оруулаагүй ба хавсаргасан линк, и-мэйл хаягийг шалгахад илэрцгүй, албан ёсны бус хаяг байна.

Улаанбаатар Төв агуулах пэйжийн нүүр зурагт “Улаанваатар тов атуулах” гэж алдаатай текст бүхий зураг оруулжээ. Мөн тус хаяг өөр зураг, пост, мэдээлэл огт оруулаагүй байна.

Агуулгыг нягтлах

Гадаадаас удирдлагатай хаягаас нийтэлж буй пост үг үсэг, найруулгын алдаатай байдаг учир агуулгыг нягталж байгаарай. Тухайлбал, Mongolian Luxury Style- Загварын Дэлгүүр хуудаснаас сурталчилсан бугуйвчны бичлэгийн тайлбарт “Эрдэнийн Чулууны Хөдөлгөөнт Гарын Тахиа”, “гарын тахиа нь зөвхөн гоёмсог гоо сайхны бүтээгдэхүүн төдийгүй эерэг энергиийг бий болгоно” зэрэг гадаад хэлээс орчуулгын программ ашиглан орчуулсан ойлгомжгүй текст оруулжээ.

Хуурамч сайтыг хэрхэн таних вэ?

Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн хуурамч сайт байна. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг оруулаагүй ба нэмэлт мэдээллийн цэс дээр дарах тохиргоогүй сайт юм. Мөн бараа захиалах хэсэгт төлбөр хийх дансны мэдээлэл, хүргэлтийн нөхцөл гэх мэтийг байршуулаагүй байна.

Mongolian Luxury Style- Загварын Дэлгүүр хуудаст оруулсан бүтээгдэхүүн бүрийн тайлбар хавсаргасан линк өөр өөр домэйн нэртэй бичигджээ.

Холбосон сайтуудын домэйн нэр өөр өөр байна

Эдгээр сайт руу орж үзвэл бүтээгдэхүүн бүрд хямдралын хугацаа дуусахыг харуулсан график болон “50-иас их хувь хямдарсан”, “яг одоо аваарай” гэх цахим залилангийн түгээмэл аргыг ашигласан текст, дүрсийг оруулжээ.

Мөн эдгээр хуурамч сайтын төгсгөл хэсэгт бодит мэт сэтгэгдэл төрүүлэхээр хэрэглэгчдийн сэтгэгдэл хэсгийг хуурамчаар эвлүүлж байршуулсан байна.

Хуурамч мэдээллийн доор хуурамч сэтгэгдэл

Зургаар хайх

Mongolian Luxury Style- Загварын Дэлгүүр хуудаст оруулсан зүүлтний бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Alibaba, Lazada, Ebay, Temu зэрэг онлайн худалдааны сайтад ойролцоогоор 2,000-25,000 төгрөг хүртэл үнийн хэлбэлзэлтэй худалдаалж байна. Гэвч шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтад тус бугуйвч “120,000 төгрөгөөс хямдарч 39,000 төгрөг болсон” гэж оруулжээ.

Мөн “Улаанбаатар төв агуулах” хуудаснаас нийтэлсэн нүдний шилний сурталчилгааны бичлэгийн хэсгийг зургаар хайхад тус шил Alibaba, Aliexpress, Taobao, Amazon зэрэг худалдааны сайтад 8,000-60,000 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.

Үүнээс харахад гадаад онлайн худалдааны сайтад хямд үнээр худалдаалдаг бүтээгдэхүүнийг өндөр үнээс хямдарсан хэмээн сурталчилж байна.

Дүгнэлт

Вьетнамаас удирдлагатай пэйжүүдээр хуурамч сайт ашиглан хямд үнэтэй, хямдралтай бараа худалдаалж буй мэтээр залилангийн шинжтэй пост түгээж байна


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Google Lens хайлтын системээр бугуйвчны бичлэгийн хэсгийг хайсан илэрц 

Онлайн худалдааны сайтад худалдаалж буй бугуйвчны илэрцүүд

Google Lens хайлтын системээр нүдний шилнии бичлэгийн хэсгийг хайсан илэрц

Онлайн худалдааны сайтад худалдаалж буй нүдний шилний илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хямдарсан бараа сурталчилж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document