2025 оны 11 дүгээр сарын 13-нд “EHKHK Төрийн банкны буцалтгүй санхүүжилт 100%” нэртэй пэйж “Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй.” гэх агуулгатай пост түгээжээ.
FACTCHECK:
Хаягийг шалгая
Шалгасан постыг түгээсэн пэйжийг шалгахад, 2025 оны 08 дугаар сарын 31-нд нээсэн, профайлдаа бусдын зургийг ашигласан, 47 дагагчтай, танилцуулга (Intro) хэсэг нь хоосон, Benin улсаас хоёр админ удирдаж байгаа зэрэг хуурамч пэйжийн шинж тэмдгийг агуулжээ.

Зургаар шалгая
Постод хавсаргасан зургийг шалгавал Төрийн банкны 2022 оны 12 дугаар сарын 27-ны шинэ жилийн мэндчилгээний постын зургийг ашиглажээ.

Агуулгыг шалгая
Бид постод заасны дагуу чатаар холбогдоход овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ өгөхийг шаардлаа. Буцалтгүй тусламж гэх нэрийдлээр мөнгө амласан залилан цахим орчинд түгээмэл байдаг. Иймд энэ төрлийн залилан хэрхэн явагддаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй эндээс үзээрэй.

Мөн тус пэйжийн оруулсан өмнөх постуудыг харвал энэ тоог олоод, мөнгө, машин хожоорой гэх залилангийн төрлийн постууд байгааг харж болно. Энэ төрлийн залилангийн талаар бид баримтаар шалгаж байсныг энд, энд, эндээс дэлгэрэнгүй уншаарай.

Дүгнээд хэлбэл, Төрийн банкны лого болон зургийг ашигласан хуурамч пэйжээс иргэдийг сэтгэгдэл бичээд 70 сая төгрөг хожоорой хэмээн хууран, чатаар хувийн мэдээллийг нь авч, залилж байна. Иймээс Монголын баримт шалгах төвөөс гаргасан залиланг таних гурван аргатай танилцаж, суралцаад өөрийгөө болон дотнын хүнээ залилуулахаас хамгаалаарай.




