Search

“Японы хамгийн өндөр үр дүнтэй элэгний эмчилгээний бүтээгдэхүүн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1684

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Элэгний хэд хэдэн өвчнийг бүрэн эмчлэх бүтээгдэхүүн гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Nitasora бүтээгдэхүүн нь Вьетнам улсад эм бус хоолны нэмэлт тэжээл ангиллаар худалдаалагддаг. Харин Монголд өвчнийг бүрэн эмчлэх эм мэтээр сурталчилж төөрөгдүүлж байна. Ингэхдээ хуурамч хаяг, сайт ашиглан бүтээгдэхүүний бодит үнээс хэд дахин багаар худалдаалж буй нь хуурамч бүтээгдэхүүн эсвэл залилан болохыг илтгэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 09-нд Nitasora for Liver Care нэртэй хуудаснаас элэгний эмчилгээний бүтээгдэхүүн сурталчилсан 4 минутын урттай бичлэг нийтэлжээ. Бичлэгийн тайлбар хэсэгт “NITASORA – Япон улсын хамгийн өндөр үр дүнтэй элэгний эмчилгээний бүтээгдэхүүн. Элэгний өвчин, шинж тэмдгүүд:Өөхөнцөртэй элэг, Элэгний үрэвсэл, Элэгний цирроз (Элэгний хатуурал), Хорт хавдар. Сэрэмжлүүлэг: Шарлах, улаан өнгийн шээс, Шигдсэн, хавагнах… Nitasora 100% Японоос импортоор оруулж ирсэн бөгөөд элэгний бүх өвчнийг эмчлэх үйл явцад тусалдаг. Элэгний үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлдөг. Элэгний эрүүл мэндийг хамгаалаарай, Nitasora-г захиалаарай!” хэмээн онцолжээ. Бичлэгийг нийт 160 реакц, 257 сэтгэгдлээр идэвхжүүлж, 180 удаа цааш түгээсэн байна.

Nitasora бүтээгдэхүүн нь Вьетнамын Soraicine компанийн бүтээгдэхүүн бөгөөд албан ёсны сайтдаа Япон болон Вьетнамын судлаач, докторууд хамтран гаргасан бүтээгдэхүүн хэмээн онцолжээ. Тус бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, хамгаалж, өвчний явцыг удаашруулдаг хэмээн дурдсан байна. Мөн сайтдаа оруулсан мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй тайлбар зэрэгтээ тус бүтээгдэхүүн “Хүнсний нэмэлт тэжээл. Уг бүтээгдэхүүн нь эм биш, эмийг орлохгүй. Бүтээгдэхүүний үр нөлөө хүн бүрийн эрүүл мэндийн байдал, зөвлөгөө авсан газраас хамаарна. Та эмчтэйгээ зөвлөлдөж, эсвэл Soraicine-тай шууд холбогдож зохих зөвлөгөө аваарай” гэж онцолжээ.

Soraicine компанийн сайтад нийтлэгдсэн Nitasora бүтээгдэхүүний тухай мэдээлэлд байршуулсан анхааруулга

Мөн Вьетнамын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллийн төв “Эрүүл мэнд ба Амьдрал”( Sức khỏe và Đời sống) сайтад 2024 оны 10 дугаар сарын 09-нд Nitasora бүтээгдэхүүний судалгааны тухай товч мэдээлэл оруулж, “Энэ бүтээгдэхүүн нь эм биш бөгөөд өвчнийг эмчлэх эмийг орлох нөлөө үзүүлэхгүй” хэмээн онцолсон байна.

Харин шалгасан мэдээлэлд “элэгний эмчилгээний бүтээгдэхүүн, үр дүнтэй эмчилгээ” зэрэг түлхүүр үгээр сурталчилсан нь элэгний өвчлөлийг бүрэн анагаах бүтээгдэхүүн мэт ойлголт өгч төөрөгдүүлж байна.

Хаяг шалгах

Nitasora for Liver Care хуудас нь 2025 оны 10 дугаар сарын 09-нд нээгдсэн бөгөөд нээсэн өдрөө шууд бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлж, төлбөр төлж идэвхжүүлсэн байна. Мөн бүтээгдэхүүн худалдаалж байгаа боловч дэлгүүрийн тухай мэдээлэл, холбогдох утас, хаяг, байршил зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй, админы байршлын мэдээлэл нууцлалтай байна.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан линк рүү ороход нэг хуудас бүхий үргэлжилсэн, нэмэлт мэдээлэл авах цэс, бүтээгдэхүүн борлуулж буй байгууллагын хаяг мэдээлэл огт байхгүй байна. Мөн захиалга баталгаажуулах хэсэгт төлбөр шилжүүлэх дансны мэдээлэл, захиалгын нөхцөл, хүргэлтийн мэдээлэл зэргийг оруулаагүй.  Дурын текст бичиж оруулахад захиалга баталгаажсан гэх цонх гарч ирлээ. Энэ нь худалдааны сайт бус, утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээлэл авах зорилготой хуурамч сайтын шинж тэмдэг юм.

Тус сайтад байршуулсан бүтээгдэхүүн захиалах хэсгийг харвал “200,000 төгрөгөөс 99,000 төгрөг болж хямдарсан, хямдрал дуусахад 5 цаг л үлдлээ, 12 ширхэг л үлдсэн“ гэх агуулга бүхий дүрс графикийг оруулжээ.

Вьетнамын Nhà thuộc thân thiện, Thuoctot24h зэрэг эмийн сангийн сайтад Nitasora бүтээгдэхүүний үнэ 2,250,000 вьетнам донг буюу ойролцоогоор 304 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнээс харахад үндсэн үнийн дүнгээс 3 дахин бага үнээр худалдаалж буй нь хуурамч бүтээгдэхүүн, эсвэл залилан байж болзошгүйг харуулж байна. Цахим залилангийн түгээмэл шинж тэмдэгт хэрэглэгчдийг яаруулсан агуулгатай “маш том хямдрал, алдаж болохгүй боломж, цөөн үлдсэн, яараарай, яг одоо аваарай, зөвхөн өнөөдөр” гэх мэт үг хэллэг ашигладаг.

Дүгнэлт

Nitasora бүтээгдэхүүн нь Вьетнам улсад эм бус хоолны нэмэлт тэжээл ангиллаар худалдаалагддаг. Харин Монголд өвчнийг бүрэн эмчлэх эм мэтээр сурталчилж төөрөгдүүлж байна. Ингэхдээ хуурамч хаяг, сайт ашиглан бүтээгдэхүүний бодит үнээс хэд дахин багаар худалдаалж буй нь хуурамч бүтээгдэхүүн эсвэл залилан болохыг илтгэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Элэгний хэд хэдэн өвчнийг бүрэн эмчлэх бүтээгдэхүүн гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document