2025 оны арван нэгдүгээр сарын 27-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хаягаас “ШУУРХАЙ МЭДЭЭ. Манайд дэгдээд байгаа энэ томуу урьд жилүүдэд дэгддэг байсан амьсгалын замын вирусийн гаралтай томуунаас арай өөр байнаа гэж мэдээлснийг санацгааж байгаа…үнэхээр тийм юм байна. Орост манайхаас арай урьтаж дэгдсээн, Оросын эрдэмтэд яаралтай судлаж эхэлсэн, яг манайх шиг H3N2 зонхилж байсан тул энэ төрлийн вирус дээр түлхүү анализ хийсэн, дүн нь гарсан тухай дөнгөж сая мэдээллээ. Энэ бол ковидын вирустэй мутацлагдсан эсвэл биесээ нөхцөлдүүлсэн ГОНГХОНГ ВИРУС гэгч юм байна, ковидын вирустэй зэрэгцэж биесээ нөхцөлдүүлж байгаа аж…ингээд миний мэдээлсэн “арай өөр байна, үндсэндээ лонг-ковид байна” гэсэн таамаг нотлогдлоо шүү! Ямар арга хэмжээ авах вэ? гэдэг дээр жич мэдээлнэ! Тэхээр томууны вакцин худлаа боллоо шүү!” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 483 реакц, 28 сэтгэгдэл авч, 251 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд агуулгаар нь хайлт хийж, баримтаар шалгав.
Хайлтын үр дүнд, шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь энэ сарын 18-нд ОХУ-ын эрүүл мэндийн “Доктор Питер” сайтад нийтлэгдсэн мэдээнийх болох нь илэрлээ. Тус мэдээнд томуу, амьсгалын замын халдварууд ихсэж, “Хонгконг грипп” /грипп-хүн, амьтан, шувуунд халдварладаг вирусийн гаралтай томуугийн нэг төрөл/ дэгдэж буйг дурдсан. Үүний хажуугаар ковидын тохиолдол ч нэмэгдэж буйг өгүүлсэн байна. Гэвч уг нийтлэлд вакциныг үгүйсгэсэн өнгө аяс огт агуулаагүй. Харин ч “Энэ вирус нь хүндрэх магадлал өндөр, халдварламтгай, зовуурьтай шинж тэмдэгтэй гэдгээрээ ялгаатай. Гэвч томуугийн вакцинаар найдвартай хамгаалах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс дархлаажуулалт нь гриппээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэвээр байна” гэж тодотгож бичсэн байна.
Энэ талаар 2025 оны арван нэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хяналтын холбооны алба“-аас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Амьсгалын замын вирусийн гаралтай халдвар нэмэгдэх хандлагатай байна. Энэ дунд гриппийн вирусүүд давамгайлж байна. 2025 оны 46 дугаар долоо хоногт ойролцоогоор 2.9 мянган гриппийн тохиолдол бүртгэгдсэн байна. Илэрсэн вирусүүдийг томуугийн вакцинаар таслан сэргийлэх боломжтой. Иймд вакцинжуулалт нь хүнд хэлбэрийн өвчлөлөөс сэргийлэхэд онцгой ач холбогдолтой юм. Халдварт өртөх магадлал өндөр эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын тулд вакцинжуулалтыг цаг алдалгүй хийх шаардлагатай” гэжээ. Орос даяар явагдаж буй вакцинжуулалтын кампанит ажлын хүрээнд 66 сая гаруй хүн хамрагдсан нь тус улсын нийт хүн амын 45.2%-ийг эзэлж байна.

Харин COVID‑19-ийн тохиолдол 7.1 мянгад хүрчээ. Энэ хүрээнд тус улсын эрүүл мэндийн байгууллагаас халдвараас хамгаалах зөвлөмж хүргэж, ажиллаж байгаа аж.
Сануулахад, “Хонгконг” грипп буюу H3N2 томуугийн вирус нь ковид 19-тэй ямар ч хамааралгүй, өөр төрлийн халдвар юм.
Грипп гэдэг нь хүн, амьтан, шувуунд халдварладаг вирусийн гаралтай томуугийн нэг төрөл юм. “Хонгконг” грипп нь ковидын вирустэй мутацлагдсан төрөл биш. Уг вирус нь 1968 оны долоодугаар сард Хонгконгт бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар ойролцоогоор 1–4 сая хүн нас барсан гэж тооцогддог. Эл тохиолдол нь A гриппийн H3N2 штамм буюу вирусийн өндөр халдвартай төрөл байсан. Тухайн үед зориулалтын вакцин бэлэн байгаагүй учир томуугийн шинж тэмдэг амархан хүндэрч, хурдан тархаж байжээ. Харин өнөө цагт үүнийг таслан зогсоож, сэргийлэх боломжтой болсон.
Уг халдварын шинж тэмдэг нь дараах байдлаар илэрдэг байна. Үүнд,
- огцом, өндөр халуурах
- толгой өвдөх, бие сульдах
- булчин шархирах
- ханиалгах, хамар битүүрэх
- дотор муухайрах, гэдэс хямрах зэрэг багтана.
Үүнээс дүгнээд үзэхэд, Оросын “Доктор Питер” сайтад нийтлэгдсэн мэдээнд амьсгалын замын халдварт өвчин дэгдэж буй тухай дурдсан ч вакциныг үгүйсгэсэн агуулга огт тусгаагүй байна. Эсрэгээрээ бүх нийтээрээ томуугийн вакцинд хамрагдах шаардлагатайг онцолсон. Мөн “хонгконг грипп”, “ковид-19” нь ижил цаг үед түгж буй өөр төрлийн вирусүүд юм. Өөрөөр хэлбэл “хонгконг грипп” нь ковидын вирустэй ямар ч хамааралгүй.




