2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эсэргүүцэж байна (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Таны татаж байгаа утаатыг, халаадгийг нь, вэйп аль алийг нь 3-4 дахин үнэтэй болгох нь. Хямдаа бодоод Оросоос зөөцгөөх үү дээ” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 950 реакц, 53 сэтгэгдэл авч, 135 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны тавдугаар сараас эхлэн яригдаж буй “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр “татаж хэрэглэх зориулалттай навчин, халаадаг, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи”-нд үе шаттайгаар Онцгой албан татварыг (ОАТ) нэмэхээр тусгажээ.
Тухайлбал, 2025 онд 836 төгрөг (20 ширхэг) байгаа онцгой албан татварын хэмжээг:
- 2026 онд 2,000
- 2027 онд 4,000
- 2028 онд 6,000
- 2029 онд 8,000
- 2030 онд 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
Энэ нь бүх төрлийн тамхины үнийг нэг дор шууд 3-4 дахин нэмж байгаа биш, харин электрон тамхинд утаат тамхитай адил 30 хувийн гаалийн албан татвар ногдуулахаар тусгасан. Тиймээс 2026 оноос эхлэн гаалийн болон онцгой албан татвар төлдөггүй байсан электрон тамхинд /1 мл тутамд/ утаат тамхитай ижил 837-930 төгрөгийн ОАТ болон 30 хувийн гаалийн албан татвар төлж эхэлнэ. Энэ зохицуулалт үе шаттайгаар нэмэгдэхээр тусгасныг анхаарах хэрэгтэй юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай хуульд зөвхөн тамхинд 30 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг.
Хэрэв “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ хэвээр батлагдвал бүх импортын тамхины үнэ ижил хэмжээгээр нэмэгдэх тул “Оросоос хямд тамхи оруулж ирнэ” гэх тусгай нөхцөл байхгүй
ГЕГ-ын статистикаас харахад 2025 онд БНХАУ-аас 658.87 мянган ам.доллароор нийт 100,000 кг “бусад тамхи” импортолсон гэжээ. Монгол Улсад импортолдог тамхин бүтээгдэхүүн нь голчлон БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг улсаас орж ирдэг байна.

Харин ОХУ-аас 2024 онд 17.21 мянган ам.доллароор нийт 52.05 мянган ширхэг тамхины асаагуур, чулуу, бялтнаас бусад эд анги импортолсон гэжээ. Харин өөр бусад тамхин бүтээгдэхүүн 2024, 2025 онд ОХУ-аас орж ирээгүй байна.

Шалгасан мэдээллийг нийтэлсэн хаягууд Facebook-т boost хийж түгээж байгаагаас гадна нэг хаягаас олон групп руу түгээсэн байна

Ийм байдлаар мэдээллийг зориуд, хиймлээр түгээх үзэгдэл нь олон нийтэд тухайн асуудлаар яг түгээж буй агуулгаараа ойлгуулахыг санаархсан зохион байгуулалттай мэдээлэл түгээх үйл ажиллагааны нэг илрэл юм.







