Search

“3 хоногт тураах, таван төрлийн эмийн ургамал агуулсан цай” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1681

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

3 хоногт тураах ургамлын цайны сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд харуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тодорхойгүй ба хэдий олон төрлийн ургамал агуулсан гэсэн боловч ямар ч албан ёсны мэдээлэл байхгүй байна. Мөн мэдээлэлд дурдагдсан ургамлуудыг тус тусад нь ханд, тос хэлбэрээр ашиглаж жин хасахад тодорхой хэмжээний нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч нэг дор цай хэлбэрээр ашиглах нь үр дүнтэй эсэх, сөрөг нөлөө бий эсэхийг харуулсан судалгаа огт байхгүй юм


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 05-нд Morninga care нэртэй хуудаснаас 3 хоногт жин хасах тураах цай сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ.  Бичлэгт “100 хувь органик, дээд зэргийн тураах цай. Энэхүү бүтээгдэхүүн бадамлянхуа навч, кассиа үр, моринга үр, гүйлсний навч, ногоон цай зэрэг байгалийн гаралтай, нарийн холимгоос бүрдсэн. Өөх шатаана. Бие дэх илүүдэл өөхийг шатааж, жин хасахад тусална. Бодисын солилцоог хурдасгана. Биеийн бодисын солилцоог идэвхжүүлснээр эрч хүч нэмэгдүүлж илчлэг шатаах процессыг дэмжинэ. Биеийн сэргээнэ биеийн хоргүйжүүлж цэвэрлэх үйлчилгээтэй тул эрүүл мэнд гоо сайханд эергээр нөлөөлнө” гэх агуулгыг дурдаж, тайлбар хэсэгтээ “3 хоногт жингээ хасахгүй бол мөнгөө 100 хувь буцааж аваарай… Moringa + Байгалийн найрлага = Хорт бодис гадагшлуулна, гэдэс цэвэрлэнэ, илүүдэл өөх хайлуулна, хоолны дуршлыг бууруулна” хэмээн онцолжээ. Бичлэгийг нийт 1,000 гаруй реакц, 4,300 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 380 удаа цааш түгээсэн байна.

Шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад  amazon, alibaba, Lazada зэрэг онлайн худалдааны сайтад худалдаалж буй ижил бүтээгдэхүүний илэрцээр гарч ирлээ. Гэвч эдгээр сайтад бүтээгдэхүүний брэндийн нэршил өөр өөр байна. Тодруулбал, Amazon худалдааны сайтад Truvasor брэндийн цай гэж худалдаалагдаж байгаа бол Lazada худалдааны сайтад Jade Essentials брэндийн нэрээр зарагдаж байна.

Amazon худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний мэдээлэл
Lazada худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний мэдээлэл

Харин Аlibaba сайтад тус бүтээгдэхүүнийг хувийн шошго буюу OEM хэлбэрээр захиалж болох тухай оруулжээ. Хувийн шошго нь гуравдагч компани үйлдвэрлэж, өөр компанийн брэндийн нэрээр зарагддаг бүтээгдэхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч компаниас захиалахдаа өөр брэндийн нэрээр захиалж болох юм. Гэвч онлайнаар худалдаалж буй тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компанийн мэдээлэл огт байхгүй байна.

Бадамлянхуа навч, кассиа үр, моринга үр, гүйлсний навч, ногоон цайн ургамлыг нэгтгэсэн тураах цайны тухай шинжлэх ухааны судалгаа, нотолгоо огт байхгүй

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд дурдсан зарим орц найрлага тураах үйлчилгээтэйг харуулсан судалгаа бий эсэхийг шалгалаа.

2017 онд нийтлэгдсэн харханд хийсэн судалгаагаар бадамлянхуаны навчны ханд таргалалттай хархны дотор өөхийг багасгаж буйг харуулжээ. Мөн 2010 онд нийтлэгдсэн бадамлянхуаны навчны халуун хандыг таурины нэмэлт тэжээлтэй хослуулан хэрэглэсэн амьтан дээр хийсэн судалгаагаар “харханд таргалалтын эсрэг болон липидийн бууралтад үзүүлэх нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь дангаар нь бадамлянхуа навчны халуун усны ханднаас илүү үр дүнтэй байна” гэх дүгнэлт гаргажээ.

Ногоон цайнд агуулагдах катехин, кофеин нь хоол боловсруулалт бодисын солилцоо, шатаах илчлэгийн хэмжээг нэмэгдүүлэг. 2023 онд нийтлэгдсэн “Илүүдэл жинтэй болон таргалалттай эмэгтэйчүүдийн антропометрийн үр дүнд ногоон цайны нэмэлт тэжээлийн нөлөө: санамсаргүй хяналттай туршилтуудын цаг хугацаа ба тунгийн хариу урвалын мета-шинжилгээ” судалгаагаар ногоон цайны бэлдмэл нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн жин, биеийн жингийн индекс, бүсэлхийн хэмжээг багасгаж буйг харуулжээ. Ногоон цай нь жин хасах, жингээ барихад бага зэргийн нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч маш бага нөлөөтэй, нөлөөгүй гэсэн судалгаа мөн бий.

2012 онд нийтлэгдсэн “Илүүдэл жин, таргалалттай насанд хүрэгчдэд жин хасах, жингээ барихад зориулсан ногоон цай” тойм судалгаагаар 15 судалгаанд анализ хийсэн бөгөөд ногоон цайны бэлдмэл нь таргалалттай насанд хүрэгчдэд жин хасахад чухал нөлөө үзүүлээгүй хэмээн дүгнэжээ. Мөн 2019 онд нийтлэгдсэн “Жингээ хасахад зориулсан хоолны дэглэмийн стратеги” мета-шинжилгээ судалгаанд ногоон цай, түүний бүрэлдэхүүн хэсэг болох EGCD нь жингээ хасахад эерэг нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй тухай дурджээ.

2022 онд нийтлэгдсэн “Өөх тос ихтэй хоолны дэглэмээс үүдэлтэй таргалалт дээр Moringa peregrina үрийн хандны таргалалтын эсрэг үйлчилгээ, идэвхтэй найрлага, антиоксидант механизмыг үнэлэх” судалгаагаар Морнинга үрийн тос нь өөх тос ихтэй хоолны дэглэмээс үүдэлтэй таргалалттай харханд таргалалтын эсрэг үйлчилгээтэй хэмээн дүгнэжээ.

Дээр судалгаануудад эмийн ургамлуудыг тус тусад, заримыг нь өөр нэмэлт тэжээлтэй хослуулан хэрэглэсэн, заримыг нь тос хэлбэрээр хэрэглэсэн судалгааны үр дүн байна. Харин эдгээр ургамлыг нийлүүлж, цайны ханд хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэйг харуулсан судалгаа байхгүй. Pubmed, Google Scholar, Research Gate, ScienceDirect, Springer Nature зэрэг судалгааны сангаас дээрх ургамлуудын нэршлээр хайхад нэг зэрэг ашиглаж, үр дүнг нь харуулсан судалгаа огт илрээгүй.

2025 онд хийсэн “Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаанд “Ургамлын найрлага дахь олон идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд нь тус бүр өөрийн гэсэн PK (биед үзүүлэх эмийн концентраци) болон PD (эмийн биологийн нөлөө) профайлтай байдаг нь ургамлын гарал үүсэл, хураах нөхцөл, боловсруулах арга зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ижил ургамлын багц хооронд хүртэл өөр өөр байж болно. Энэ нь химийн болон биологийн нөлөөллийн зөрчилд хүргэдэг” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхтэй бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй.

Мөн хурдан хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд булчин сулрахцөсний чулуу үүсэххоол тэжээлийн дутагдалд орохбодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй.

Эрүүлээр жин хасахад 7 хоногт 0.5-1 кг хасахад тохиромжтой гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвҮндэсний эрүүл мэндийн албанаас зөвлөсөн байна.

Дүгнэлт

Шалгасан мэдээлэлд харуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тодорхойгүй ба хэдий олон төрлийн ургамал агуулсан гэсэн боловч ямар ч албан ёсны мэдээлэл байхгүй байна. Мөн мэдээлэлд дурдагдсан ургамлуудыг тус тусад нь ханд, тос хэлбэрээр ашиглаж жин хасахад тодорхой хэмжээний нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч нэг дор цай хэлбэрээр ашиглах нь үр дүнтэй эсэх, сөрөг нөлөө бий эсэхийг харуулсан судалгаа огт байхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Google Lens хайлтын системийн илэрц

Бүтээгдэхүүн худалдаалж буй онлайн худалдааны сайтууд

“Бадамлянхуа навчны усан ханд нь PPARγ2 экспрессийг зохицуулснаар HFD-ээр өдөөгдсөн таргалалттай хархнуудын дотор өөхний массыг бууруулж, инсулины эсэргүүцлийг сайжруулдаг” судалгаа

“Өөх тос ихтэй хоол хүнсээр тэжээгддэг харханд бадамлянхуа навчны халуун усны хандыг таурин нэмэлттэй хамт хэрэглэх нь таргалалтаас хамгаалах болон липидийн бууралтад үзүүлэх нөлөө”судалгаа

“Ногоон цайны эрчим хүчний зарцуулалтад үзүүлэх нөлөөллийн талаарх товч тойм”

Илүүдэл жинтэй болон таргалалттай эмэгтэйчүүдийн антропометрийн үр дүнд ногоон цайны нэмэлт тэжээлийн нөлөө: санамсаргүй хяналттай туршилтуудын цаг хугацаа ба тунгийн хариу урвалын мета-шинжилгээ” судалгаа

“Илүүдэл жин, таргалалттай насанд хүрэгчдэд жин хасах, жингээ барихад зориулсан ногоон цай” тойм судалгаа

Жингээ хасахад зориулсан хоолны дэглэмийн стратеги” мета-шинжилгээ судалгаа

Өөх тос ихтэй хоолны дэглэмээс үүдэлтэй таргалалт дээр Moringa peregrina үрийн хандны таргалалтын эсрэг үйлчилгээ, идэвхтэй найрлага, антиоксидант механизмыг үнэлэх” судалгаа

5 төрлийн эмийн ургамлыг хамтад нь ашигласан судалгааны хайлтын илэрцүүд

 

Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаа

“Илүүдэл жин, таргалалттай насанд хүрэгчдийн жин хасах хурд нь удаан хугацааны туршид жин нэмэхэд үзүүлэх нөлөө” судалгаа

Чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний болон бөөрний өвчний үндэсний хүрээлэн 

“Алдартай хоолны дэглэмд микроэлементийн дутагдлын тархалт” судалнаа

Хамгийн том ялагдагч тэмцээнээс хойш 6 жилийн дараа бодисын солилцооны байнгын дасан зохицох” судалгаа

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв

Үндэсний эрүүл мэндийн албанаас

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

3 хоногт тураах ургамлын цайны сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document