2024 оны есдүгээр сарын 18-нд Sora Online Shop нэртэй хуудаснаас “Ханиадыг анагаагч шидэт хөлийн дүрлэг. Үүнийг ханиалга, хамар битүүрч нус гоожих, нойргүйдэл, бие сульдах, архаг ядаргаа, дархлаа сулрах шинж тэмдгийн үед хөлөө дүрж, ваннтай усанд орж хэрэглэнэ. Мөн ханиаднаас урьдчилан сэргийлнэ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 1300 гаруй реакц, 667 сэтгэгдэл авчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэхүү мэдээллийг Sora Online Shop гэх хуудаснаас жилийн өмнө нийтэлсэн ч ханиад томуу дэгдсэнтэй холбогдуулан дахин түгээж, идэвхжүүлж эхэлсэн тул баримтаар шалгав. Үүний тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу зургаар хайх аргыг ашиглалаа.
Хайлтын үр дүнд уг дүрлэг нь ханиадыг эдгээх зориулалттай эмчилгээний бүтээгдэхүүн бус ходоод, гэдэсний хямралын үед ашиглах тайвшруулах үйлчилгээтэй гэсэн байна. Тодруулбал, олон улсын худалдааны сайт болох Lazada-аас тус бүтээгдэхүүний YaoChen гэх брэндийн бүтээгдэхүүн гэжээ. Мөн Taobao, ebuy зэрэг онлайн худалдааны сайтад ч ижил тайлбартайгаар түгээсэн байна. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй, эрүүл мэндийн баталгаатай эх сурвалжуудад тус бүтээгдэхүүний үйлчлэлийг баталсан зүйл байхгүй байна. Зөвхөн худалдааны сайтуудад байршуулсан, нэр хүндтэй бус жижиг брэндийн бүтээгдэхүүн тул хэрсүү хандаарай.
- Өөр төрлийн үйлчилгээтэй гэж тайлбарласан бүтээгдэхүүнийг “Ханиадыг анагаагч шидэт хөлийн дүрлэг” хэмээн тайлбарлаж, борлуулсаар байна.
- Түүнчлэн Google Scholar судалгааны сангаас ванн, хөлийн дүрлэг ашиглан ханиадыг эдгээх боломжтой эсэхийг шүүхэд, батлагдсан судалгааны материал илэрсэнгүй. Иймд баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж цаг алдахын оронд мэргэжлийн эмчид хандаж, зохих эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Ханиад томууны үетэй давхцан энэ мэт баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, элдэв найдваргүй аргыг санал болгох үзэгдэл нэмэгддэг. Тиймээс өвчний анхан шатны шинж тэмдэг илэрсэн үеэс шууд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээ хийлгээрэй. Учир нь хуурамч бүтээгдэхүүн хэрэглэж, батлагдаагүй арга туршсаар эмнэлгийн тусламж авахгүй хэт удах нь өвчний шинж тэмдгийг хүндрүүлэх эрсдэлтэй.
Дүгнээд үзвэл, хүүхдийн хоол шингээлтийг сайжруулахад тусалдаг ургамлын гаралтай ванны дүрлэгийг ханиад эдгээх, эмчилгээний бүтээгдэхүүн мэтээр сурталчилсан хуурамч мэдээлэл түгээж байна. Энэ төрлийн баталгаагүй бүтээгдэхүүнд найдаж, арга хэмжээ авахгүй удах нь ханиадтай хүүхдийн шинж тэмдгийг улам гааруулах эрсдэлтэй тул баталгаагүй бүтээгдэхүүн, арга зэргийг туршихаас татгалзаарай.




